2015/10/06

Махбодь дээр тулгуурласан зөв хооллолт


Хооллолт  бол эрүүл энхийн үндэс нь билээ.  Хүнсний бүтээгдэхүүнүүд нь бидний амьдралын үйл явцыг зохицуулдаг энерги гэж хэлэхэд ч хилсдэхгүй.  Бидний идэж уусан болгон тодорхой нэгэн энергийг биед өгч, тодорхой нэгэн эрхтнийг тэтгэдэг. Хүнсний бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн шинж чанартай бөгөөд бидэнд тэр төрлийнхөө зан аашийг улам бадрааж, амьдралд нөлөөлөдг. Энэхүү нийтлэлд байгалийн 4 махбодь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг болох, биеийн ерөнхий байдлыг махбодид тулгуурласан бүтээгдэхүүнээр засах талаар та бүхэнд танилцуулна. 

Байгаль орчлон 4 төрлийн энерги буюу 4 махбодьтой бөгөөд эдгээр нь Гал, Ус, Шороо, Хий юм. 
  • Гал махбодь нь бидний бие организмд бодисын солилцоог хариуцдаг дулааны энергийг өгдөг. Хүсэл эрмэлзэл, эр зориг төрүүлнэ.
  • Ус махбодь эдийн чийгшил, цус, тунгалагийг хариуцна. Уян хатан байдалтай холбоотой.
  • Хий махбодь дархлаа ба ялгаруулах эрхтэн тогтолцоог хариуцна. Юманд шунахгүй, хорогдохгүй байх чадварыг хариуцана. 
  • Шороо махбодь яс, булчин, үеүүдийг бүрдүүлдэг. Тэвчээр, тууштай байдлыг сайжруулна. 
Бид бүгдээрээ энэ дөрвөөс бүтдэг хэдий ч, хүн бүрт энэ 4 махбодь нь өөр өөр эзлэхүүнтэй байдаг.  Үүнээс улбаалан тухайн хүний эмчилгээний зөв хооллолтын чиг тодорхой болно. Бидний биед эзлэх махбодь тус бүрийн хувийг багасгаж, ихэсгэж, тэнцвэржүүлэх боломжтой. Ихэнх өвчнүүд махбодиудын тэнцвэргүй хуваарилалт болон аль нэгэн махбодийн ихсэл, багаслаас болдог юм. Амьдралын асуудлууд маань ч мөн адил бидний бие сэтгэлийн тэнцвэргүй байдлаас л үүсэлтэй байдаг.  Ямарваа нэгэн махбодь нь хүний биед удаан хугацааны турш давамгайлж байвал тэр махбодийн өвчин болон асуудлууд үүсдэг. Бидний хийх ёстой эхний зүйл нь ердөө л хооллолтоороо тэр махбодийн үйлчлэлийг багасгах юм.

ГАЛ МАХБОДЬ


Гал махбодийн тогтвортой байдал: хоол боловсруулалт сайн явагдаж, асуудлуудыг хурдтай шийдэх чадвартай,  эр зоригтой, шийдмэг, овсгоотой  байх ба зүс царай өнгөлөг, амьдралын эрч хүчтэй байх болно.

Гал махбодь ихэссэний шинж тэмдэг: 
  • Бие: нойрны хэм алдагдаж, байн байн сэрэх, байнгын суулгалт өгөх, хоолны хордлого, амнаас эвгүй үнэр гарах, биенээс хүчиллэг үнэр үнэртэх, халуунд мэдрэмтгий байх, биен дээр юм туурах, батга, хатиг гарах, нүд улайх, цусан дахь сахарын бага хэмжээнээс болж ядрах, халуурах, халуурч байгаа юм шиг санагдах, шөнө хөлрөх, хурц үрэвслүүд гэнэт илрэх, нүд болон үений өвчин тусах.  
  • Ааш зан: байнгын сэтгэл тавгүйтэх, уурлаж бухимдах, тэвчээргүй байх, өөрийгөө болон бусдыг шүүмжлэх, хэрүүл тэмцэл хийх, бүх зүйлд итгэл алдрах мэдрэмж, тэмцэл, дайсагнал, хүлээн зөвшөөрөхгүй байх. 
  • Амьдрал: өрсөлдөгчид, тэмцэл, дайсагналын нөхцөл байдлууд гарч ирнэ.
Гал махбодийг багасгах хооллолт:  хий махбодийн хүнс болох ногооны салат (улаан өнгийн ногооноос бусад), ногоон өнгийн ногоонууд, үр буурцагт ногоо (шош, вандуй, буурцаг). Ус махбодийн хоол буюу улаанаас бусад өнгөтэй ногоо болон жимсний шүүс. Газар махбодийн бүтээгдэхүүн буюу ус, кашнууд. Хооллолт нь ерөнхийдөө хүйтэн, сэрүүвтэр, шингэн эсвэл зутан маягийн, чихэрлэг ба гашуун амттай байвал зүгээр.  Халуун ногоотой, исгэлэн, шорвог хүнс хоол болон улаан мах, хурц амтлагч, шарсан хуурсан хоолноос татгалзах шаардлагатай.  1 сарын турш өдөрт нэг удаа зуун настын шүүс, зөгийн бал хоёрыг хольж, 1 амны халбагаар уувал их сайн.

Гал махбодь багассаны шинж тэмдэг:                                                        
  • Бие: сул бодисын солилцоо, биеийн дулаан бага байх, хамраас шингэвтэр нус гарах зэрэг бусад гал махбодь ихссэний шинж тэмдгүүдийн эсрэг шинжүүд.
  • Ааш зан: бие даасан байдал, өөртөө итгэх итгэл, эр зориг, өөрийгөө илэрхийлэх чадамж, манлайлах зэрэг зан чанарууд дутагдах.
Гал махбодийг ихэсгэх хооллолт: Хар, улаан перец, сонгино, сармис, ургамлын тос. Зайлсхийх хүнс: каш, чихэрлэг зүйлс, аарц, хүйтэн ундаанууд, ногооны салатууд. Хоол хүнс нь халуун бүлээн, хөнгөн чанарын, халуун ногоотой байхад тохиромжтой ба исгэлэн, чихэрлэг, гашуун амтнаас татгалзах хэрэгтэй. Мөн гал махбодийг ихэсгэхэд идэвхтэй хөдөлгөөн, дасгал, бүжиг, гүйлт, фитнес зэрэг тустай.

УС МАХБОДЬ


Ус махбодийн тогтвортой байдал: Эдийн чийгшил сайн байж, үе мөч уян хатан, арьс зөөлөн, нүд тунгалаг байна. Бодисын солилцоо сайжирч, эдүүд сайн тэжээл авч, хорт бодисууд хурдан гадагшилна. Ус махбодийн тогтвортой байдал эрүүл мэндийн үндэс юм.

Ус махбодь ихэссэний шинж тэмдэг: 
  • Бие: шингэн биед хуримтлагдах, шүлс ихээр ялгарах, байнгын шингэн, нус гоожих, өндөр даралт, биеийн доод хэсэг хөөж, хавагнах, бие хүндрэх, жин нэмэх, нойр хүрч, нозоорох.  
  • Ааш  зан: хэт дотогшоогоо болж, их харуусаж, мөрөөсөх, өнгөрснийг хэт их бодож, дурсан шаналах, гомдол, хардалт, гэмшил мэдэрч, өөрийн сэтгэл хөдлөлдөө гүн шигдэж, гунигтай, эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй болно. 
  • Амьдрал: ганцаардал, шаналал, бүтэлгүй хайр г.м. байдлууд гарч ирнэ.
Ус махбодийг багасгах хооллолт: Хатаасан жимс, гашуувтар ногоон амтлагчууд, өвс цэцэгсийн ханд, халуун ногоотой амтлагч, цээнийн ханд, хатаасан үр тариа, самар, хатаасан талх зэргийг хоолны цэсэндээ нэмж, хүйтэн ундаанууд, шүүслэг жимс, жимсний шүүс, шөл, шингэн бүтээгдэхүүн, давсалсан хүнснээс татгалзах. Хоол нь бага зэрэг хатаасан, халуун ногоотой, гашуундуу,  чихэрлэг амттай төрлүүдийнх байвал сайн. Гаатай, бөөрөлзгөнөтэй цайнууд их сайн. 

Ус махбодь багассаны шинж тэмдэг: амьсгалын зам хуурайших, хамар битүүрэх, бага даралт, жин хасах, арьс хуурайших зэрэг.

Ус махбодийг ихэсгэх хооллолт:  шингэн юм их уух  (тэр дундаа хүйтэвтэр, исгэлэн, чихэрлэг, давслаг амттай). Давсалсан халуун биш, бүлээн шингэвтэр шөлнүүд, компот, жимсний шүүснүүд, ундаа, улаан лоолийн шүүс, нимбэгний шүүс дусаасан ус, шингэн бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэнэ. Гал махбодийн хүнс (халуун ногоотой хоол), Хий махбодийн хүнс (гашуун халуун цайнууд, хатаасан жимснүүд, кофе, вандуй, шош, буурцаг, хатаасан бүтээгдэхүүнүүд), Шороо махбодийн хүнс (хатаасан үр тариа, самар, хатаасан талх) зэргийг хязгаарлана.
                         
ХИЙ МАХБОДЬ


Хий махбодийн тогтвортой байдал: Оюун ухааны идэвхтэй байдал, бүтээлч сэтгэлгээ, сайн нойр, хүчтэй дархлаа, мэдрэмжтэй, бие сэтгэлийн тэнцвэртэй байдал.

Хий махбодь ихэссэний шинж тэмдэг:
  • Бие: толгой өвдөх, цусны даралт ихсэх,  хуурай ханиалга, хоолой хөндүүрлэх, чих өвдөх, тавгүйтэх, зүрхний хэм алдагдах, булчингийн өвдөлт, хэвлийн ташаагаар өвдөх, гэдэс хийгээр дүүрэх, суулгалт, сарын тэмдгийн үед өвдөлт мэдрэх, сексийн үеийн асуудлууд, үений өвчин. Сэтгэцийн хямралууд. Байнгын ядрах, шалтгаангүй жин хасах, бээрэг болох, хумсаа мэрэх зуршил, зүрхний цохилт ихсэх, ойр ойр зогисох, нүд хуурайших, арьс хуурайших.
  • Ааш зан: санаа зовнилт, сөрөг бодлууд, хэт биеэ даасан байдал, тайван бус байдал, фанатизм, үхлийн айдас, ямар нэгэн санаа бодолд донтох, биелэшгүй төлөвлөгөө, санаанаасаа зохиосон түүхүүд, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, аюул, түгшүүрийн мэдрэмж төрөх, тэвчээргүй байдал, хэт ичимхий байдал, бие даан шийдвэр гаргаж чадахгүй байх, нойргүйтэл, шөнө сэрээд буцаад унтаж чадахгүй байх
  • Амьдрал: бодол санаагаа хэрэгжүүлэхэд саад тохиох, ямар ч үр дүнгүй чармайлт. Бодлууд, харилцаа холбоо, ийш тийш явах явалт, найзууд, сурах зүйлс бүгдээрээ маш олноороо байх хэрнээ баяр баясал, тайтгаралыг авчрахгүй байх.
  • Хий махбодь ихсэхийн аюул: хүн өөрийн амьдралын даалгаварыг умартаж, бусдын бодол санаа, мэдрэмжинд мэдрэмтгий болдог.
Хий махбодийг багасгах хооллолт:  дандаа халуун хоол хэрэглэх хэрэгтэй, мөн хоол нь хүнд чанарын, зуурмаг, зутан хэлбэрийн байвал зүгээр.  Чихэрлэг, давслаг, исгэлэн амттай хоол түлхүү хэрэглэж, гашуун амтнаас зайлсхий. Хэрэглэх хүнс: сахартай зуурмаг хэлбэрийн кашнууд, дрожжгүй духовконд болгосон гурилан бүтээгдэхүүнүүд, жүүс, компотнууд, цай эдгээрийг бүгдийг нь халуунаар нь уух, өтгөн халуун шөлнүүд, тослог хүнс.  Хориглох хүнс: шош, вандуй, байцаа, сэвэг зарам, гурвалжин будаа, зайрмаг, самар.

Хий махбодь багассаны шинж тэмдэг:  илүүдэл жин, хаван, хавдалт зэрэгс бусад хий махбодь ихссэний шинжүүдийн эсрэг шинжүүд. Энэ хооллолт нь биеэс хорт бодисууд, илүүдэл шингэнийг гадагшлуулахад чиглэсэн болно. Мөн үрэвсэлт үйл явцуудыг зогсооно.

Хий махбодийг ихэсгэх хооллолт:  хөнгөн чанарын, хуурай хатаасан, хүйтэвтэр, ургамлын гаралтай, шинэхэн байх хэрэгтэй. Хэрэглэх хүнс: хатаасан жимс, шүүслэг биш жимснүүд, ногоо, гурвалжин будаа, шош, вандуй, буурцаг, далайн бүтээгдэхүүнүүд, гашуун амтлагчууд, хар ба ногоон цай, кофе. Хориглох хүнс: хүнд, тостой хоолнууд, чихэрлэг, давслаг амт, хүйтэн уух зүйлс.

ШОРОО МАХБОДЬ


Шороо махбодийн тогтвортой байдал: биеийн хүч сайн, яс, булчин, үе бат бөх байна. Эрүүл шүд, стрессийг даван туулах чадвар сайн байх, тогтвортой байдал, янз бүрийн цаг агаарын байдлыг хүлээж авах чадвар сайн, тайван амгалан, зорилгодоо хүрэхдээ тэвчээртэй, тууштай байж, ажил хэрэгч, бүтээлч чадвартай, прагматик байдал.

Шороо махбодь ихэссэний шинж тэмдэг:  
  • Бие: эдийн хатуурал, цусны өтгөрөл, давсны задрал, эрхтнүүдэд чулуужилт, шохойжилт, өөх тосны хэт ялгарал, цусанд холестерин ихсэх үйл явц явагдана. Яс ургах, үе томрох, биеийн жингий илүүдэл, том бор мэнгэнүүд гарч ирэх, хамар битүүрэх, хоргүй хавдар илрэх.
  • Ааш зан: зөрүүд зан, шунал, ажил хэрэгт улайран зүтгэх, бүгдийг өмчлөх сэтгэл, материалист үзэл, хөдөлгөөнгүй байдал, тэнэгрэл, дуугүй ноомой байдал, өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй байх,
  • Амьдралд: хоол, ажил, карьер, мөнгө, өмч, үл хөдлөх хөрөнгө зэрэг зүйлс ирж, хажуугаар нь асуудлуудыг авчирна. Байнгын ажил хайлт ямар ч үр дүнгүй байх, явуургүй ажил, зээлийн хүнд нөхцлүүд г.м.
Шороо махбодийг багасгах хооллолт: шингэн зүйлсийг орой 6 цагаас хойш халуунаар нь уувал сайн, шинэхэн ногоо, жимснүүд, хурц амтлагч, сонгино, сармис, цагаан гаа, перец гэх мэт, гашуун өвс, ургамлын халуун цайнуудыг цэсэндээ оруулах. Хоол нь хөнгөн чанарын, халуун, шингэвтэр, гашуун, халуун ногоотой, исгэлэн, давслаг амттай байвал сайн. Чихэрлэг амтнаас зайлсхийх. Зайлсхийх хүнс: чихэрлэг амт, кашнууд, талх, тос, чихэр амттан, хатаасан жимснүүд, самар, гадил, бяслаг, хиам.

Шороо махбод багассаны шинж тэмдэг:  амархан ядрах, жин буурах, сульдах зэрэг бусад шороо махбодь ихэссэний шинжүүдийн эсрэг шинжүүд.

Шороо махбодийг ихэсгэх хооллолт: хүнд чанарын, тостой, чихэрлэг амттай, ойр ойрхон бага багаар хооллох. Хэрэглэх хүнс. каш, бяслагтай гоймон, бутерброд, духовконд болгосон гурилан бүтээгдэхүүнүүд, чихэр амттан, талх. Хориглох хүнс: халуун цай, кофе, гашуун өвс, ургамал, түүхий ногоонууд, алкоголь, хурц тостой хоолнууд, амтлагчууд, хоол идэхдээ хүйтэн уух зүйлээс татгалзах хэрэгтэй.

Нийтлэл бэлтгэсэн: Ei Zoia