2015/07/30

Хэрхэн өөрийн сэргэг ухамсрыг нэмэгдүүлэх буюу ухамсраа сэргээх вэ?


Ухамсраа сэргээх олон төрлийн арга байдаг төдийгүй хүн бүрийн хувьд өөр өөр байх нь бий. Энэхүү нийтлэлээр дамжуулан та бүхэнд ухамсрыг сэтгэл судлалын үүднээс тайлбарласан ойлголтууд, ухамсрыг сэргээх үндсэн аргуудыг хүргэж байна. 

Би өөрийн бодох аргын талаар эргэцүүлж үзээд эерэг мэдлэгээр өөрийн оюунаа хөгжүүлэхээс илүүтэй төсөөллөөс минь өгсөн бэлэг л илүү чухал юм гэж дүгнэлээ. Альберт Эйнштэйн
УХАМСРЫН ТҮВШИН

Хүний оюун ухаан нь хэд хэдэн ухамсрын түвшинтэй. Эхний түвшний ухамсар бол оюун ухаан бөгөөд түүний цаана далд ухамсар оршин байдаг. Далд ухамсартаа (зарим тохиолдолд үүнийг ухамсрын өмнөх гэж нэрлэдэг) анхаарлаа хандуулснаар дотоодын шивнээг олж сонсох боломжтой. Далд ухамсарт мэдээлэл оруулах болон мэдээлэл авах аргуудын талаар дараагийн нийтлэлээр хэсэгчлэн хүргэх болно. 


Алдарт сэтгэл судлаач Карл Юнгийн үзсэнээр Далд ухамсрын цаана ухамсаргүй оршин байдаг. Ухамсаргүй нь үнэндээ чамайг хэн болохыг тодорхойлдог бөгөөд, таны бодлыг бий болгогч, оюун ухааны чандад оршдог. Энэ зүйл бол таны төрөлх мөн чанар юм. Ухамсрын түвшнийг маш олон байдлаар ангилдаг бөгөөд зарим тохиолдолд ухамсаргүйд агуулагдаж буй сэтгэл зүйн муу чанаруудаас нь хамааруулан түвшинчлэн хуваасан байдаг. Сэтгэлзүйн муу чанараас хамааруулан ангилсан ухамсрын түвшнийг тусад нь мөн нийтлэл болгон хүргэх болно.

Хэрэв та ухамсаргүй төлөвөөс илүү ухамсартай төлөвт шилжихийг зорьж байгаа бол танд байнгын Сэргэг ухамсартай байх дадал тус болно. Ухамсрын тухай ойлголт нь өөрөө нь оюун ухааны ойлголт, дотоод мэдрэмж хэлбэрээр хүнд мэдрэгддэг учир логик, гүн ухааны сэтгэлгээгээр хялбархан ойлгуулах боломжгүй зүйлс юм. Өөрийн жинхэнэ нөөц бололцоог нээн илрүүлэх нь ХЭН БОЛЖ ХАРАГДАХ ВЭ? гэдгээс илүүтэй бөгөөд өөрийгөө сэрээх нь жинхэнэ утгаараа хүнээс идэвхи, хүчин чармайлт шаарддаг. 

ХЭРХЭН ЯАЖ ИЛҮҮ ИХ СЭРГЭГ УХАМСАРТАЙ БОЛОХ ВЭ?


Та ажиглагч байх талаар суралцах хэрэгтэй. Өөрийн хийдэг үйлдэл, оюун санаанд орж ирсэн бодол бүрийнхээ ажиглагч нь, гэрч нь бол. Чамайг хөөргөн дэвэргэж буй тэрхүү хүсэл бүрийг харж ажигла. Дохио зангаа, алхалт, амьсгал, идэх уух гээд ажиглаж болох анзаарагдахгүй үлдчихэж болох жижиг зүйлсийг хүртэл сайтар ажигла. Ингэж ажиглах тусам та өөрийгөө хэр зэрэг ажигламтгай болохыг мэдэх төдийгүй дотоодын эмх замбараагүй байдал арилж эхлэнэ. Та бодлоо илүү хялбар удиррдаг болох ба бодлууд тань улам тунгалаг, ариун болно. Тунгалаг оюун санаа бол аз жаргалтай оюун санаа юм. Та өөрийнхөө ажигч байдлыг нэмэгдүүлэх тусам таны дотоодын мөн чанар гүнээсээ дээшилсээр өнгөн хэсэгтээ гарч ирэх болно. Та өөрийн дотоод хөгжлийг нийгэм болон бусад хүмүүсээс ямар их хамааралтай байсан болохыг олж мэдэх болно. Ердөө энгийн түвшний энэхүү ажиглалтаар та хүмүүс хэрхэн зөрчилдөж, гаднаа хуурамч байдал үүсгэн, цэвэр логикоор бусдаас илүү гарахыг оролдож буйг олж хардаг.

СЭРГЭГ УХАМСРААР СҮНСЛЭГ ТҮВШНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Алхам 1: Бие – эхлээд өөрийн биеэ анзаарч сур. Өөрийнхөө анхаарлыг дотроос гадагш гарах биеийн энергүүдийг ажиглахад зориул. Бодитоор оршин байх мэдрэмжүүд, амьд байдлаа мэдэрч сур. Та өөрийнхөө анхаарлаа гар гэх мэт биеийн жижиг хэсэгт төвлөрөхөөс эхлэн цааш ахин ахисаар бүхий л биеэ мэдэрч чадах хэмжээнд хүргээрэй. 
Алхам 2: Бодлууд – Нэгэнт та өөрийн биеийг ажигладаг болсон бол ажиглах байдлаа дээшлүүлэн сэтгэлд тань орж ирэх бодол бүрийг ажиглаарай
Алхам 3: Мэдрэмж болон Сэтгэл хөдлөл: Та өөрийнхөө бодлуудыг ажиглаж сурмагцаа мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ажиглаарай. Та өөрийн бие, бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ажиглаж сурсан бол та өөрийн дотоодоо удирдаж эхэлнэ. 
Алхам 4: Өөрийн ажиглаж байгаагаа ажиглах – Та өөрийн дотоодоо оршиж байж эхэлснээр та өөрийнхөө анхаарлыг хаана төвлөрч байгааг анзаарах боломжтой болох юм. Та өөрийнхөө анхаарлыг хаана төвлөрч байгааг анзаарч сурсанаар таны оюун ухаан ямар их зальтай, ухаантай болохыг мэдэх болно. Ухаалаг байдал бол Сэргэг ухамсар биш юм. Сэргэг ухамсар гэдэг нь юу ч болж байлаа гэсэн яг одоо доо бүрэн ухамсартай оршин байхыг хэлнэ. 

Оюун ухаан нь өнгөрсний талаар эсвэл ирээдүйн талаар хийсвэрлэдэгт асуудлын гол нь оршдог. Хүн одоо цагтаа бүрэн оршисноор ямар нэгэн дүн шинжилгээ хийн бодол үүсгэгч оюун ухаанд огтын зай өгөхгүй юм. Таны оюун ухаан бол шугаман байдлаар ажиллана, А цэгээс Б цэг хүртэл, нэг бодлоос нөгөө бодол руу шилждэг. Хэрэв та босоо тэнхлэгийн дагуу хөдөлгөж байвал энэ нь ухамсарт байдал буюу сэргэг ухамсрын хөдөлгөөн юм.  


Өөрийгөө ахин дахин одоо цагтаа авчрах талаар суралцах хэрэгтэй. Хэрэв та өөрийгөө өнгөрсөнд, эсвэл ирээдүйд амьдарч буйгаа мэдэж олох л юм бол сэргэг ухамсрынхаа тусламжтайгаар одоо цагтаа авчраарай. Одоо цагтаа оршин байна гэдгийг хэзээ бүү муу зүйл гэж бодоорой. Учир нь энэ нь таны хувьд шинэ бөгөөд аажим аажимдаа дадал болно. Мөн нэгэн чухал зүйл бол “Би хэрхэн одоо цагтаа орших вэ?” гэж ахин дахин бүү бодоорой. Учир нь энэ нь маш нарийн үйл явц юм. Ямар ч шүүмжлэлгүйгээр ажигладаг, зүгээр л идэвхгүй ажиглагч бай. Ингэх тусам та аниргүйн агшин хором руу дөхөн ойртох болно. Тийнхүү тогтмол тогтвортой ажиглагч байснаар бодол хоорондын тэрхүү хоосон орон зайг та олж авах болно. 

СЭРГЭГ УХАМСАР БОЛ СҮНСЛЭГ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ЮМ

Та юу ч хийж байлаа гэсэн өөрийнхөө дотооддоо төвлөрөн дотооддоо юу болж байгааг үргэлжид мэдэрч бай. Нэгэнт таны дотоод хүчтэй болсон бол дотооддоо орших өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Таны энерги тэрхүү мэдрэгдэж буй таны орчинд та өөрөө шинээр бий болж бүх энерги, эрч хүч чинь цуглах болно. ЭГО бол ердөө хуурамч зүйл, хэрэв та дотоод дахь өөрийгөө сэрээж чадаагүй бол та гадна орших ЭГО-гоо л өөрийгөө гэж бодох болно. Хэрэв та дотооддоо оршдоггүй, тэндээ багахан оршин байдаг бол ердөө гадаад нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэгч л байх болно. Дээрх түвшинээс эхлэн таны физик биеийн мэдрэмжүүдийн хийх ажил нь ердөө хариу үйлдэл үзүүлэгч юм. Та л зөвхөн өөрт тохиромжтой үйлдэлийг сонгож гүйцэтгэх болно. 

Таныг өөрийнхөө дотоодоор хүрээлэгдсэн үед дотоод болон гадаад оршихуйн хооронд зай үүснэ. Магадгүй ямар нэгэн зүйл гаднах физик мэдрэмжийг төрүүлж болох боловч тэр зүйл таны дотоодод хүрч чадахгүй. Та өөрийнхөө төвөөс үйлдэл хийхэд таны хийсэн тэрхүү үйлдэл бүрэн төгс, өнгөрсөн ирээдүйгээс үл хамаарах үйлдэл байх болно. Тэнгэр дэх оддыг харахдаа өөрт орших гоо үзэсгэлэнтэй гүн холбогдсоноо мэдэрсэн байж болно. Түүнийгээ, юу мэдэрснээ үгээр илэрхийлэхийг оролдовч чи өөрийгөө түүнээс салгаж авах болно, учир нь бодоод үгээр хэлэх нь яг ямар байсныг илэрхийлэх бүрэн илэрхийлэл биш юм. Өөрийн дотооддоо үгээр бус оршин байх нь өөрийн дотоод орны гэрч болгоно. Хэл бол зөвхөн хоорондоо харилцахад хэрэг болохоос бус хэл гэдэг нь өөрөө өөртэйгээ харилцахад огтын шаардлагагүй.


Бодлууд орж ирэн явсаар байдаг. Өөрийнхөө оюун санааг эзэн мэтээр бод, харин таны бодлууд зөвхөн тэднийд ирэх зочид юм. Та ажиглагч, гэрч, өөрт төрөх бодлуудыг ажиглагч болсон бол та өөрийн оюун ухааныг залж удирдах болно. Танд төрөн орж ирэх бодлууд таны зарц болохоос та тэдний зарц бус харин эзэн нь юм шүү. Өөрийн оюун ухааныг удирдах гэж хэт их чармайх хэрэггүй, энэ нь бараг боломжгүй, харин өөрийн ухамсар дээрээ төвлөр. Тэгээд ажигла, өөрийн оюун санааг зогсоохоор оролдох хэрэггүй, тэнд үүсэх зүйлсийг байгаагаар нь ажигла. Сэргэг ухамсраар дүүрэн байдал таныг бүхий л үйлдлийг хяналтандаа авч байлгах боломжийг олгох бөгөөд учир нь таны хийх үйлдэл бүр эхнээсээ дуусах хүртэл бүрэн ажиглалт дунд, төгс ажиглалтын доор явагдах болно. 

СЭРГЭГ УХАМСАРТАЙ БАЙСНААР ТА ШИЙДЭМГИЙ БАЙХ БОЛНО

Сэргэг ухамсар шийдмэг байдлыг бий болгодог бол хүний оюун нь хувилбаруудыг бодож боловсруулан үргэлжид шийдэмгий бус байдалд оруулж байдаг. Олон хүн өөрийн багтайгаа байхын тулд тухайн дүрдээ зориулсан хариу үйлдэл үзүүлдэг. Дүр бүр механик зүйл юм. Учир нь энэ нь дурсамж, зөв буруу гэж томьёолсон соёлын нөхцөлөөр удирдагдаг. Энэ тал дээр үүсдэг гол асуудал нь амьдрал үргэлжид өөрчлөгдөж байдаг. Энэ хэзээ ч нэгэн хэвийн хэвээрээ байдаггүйтэй холбоотой. Гэвч тухайн дүрийнхээ хувьд тухайн хүн үргэлжид нэг л хариутайгаа сууж байх хэрэг гардаг. Харин ухамсартайгаар үйлдэл хийгч нэгний хувьд түүний хийсэн үйлдэл нь жам ёсны бөгөөд тухайн нөхцөлдөө төгс зохицох юм. 


Ухамсарт хүн өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг. Өөрийнхөө алдааг ухамсарлаж хүлээн авснаар тэрхүү алдаа нь алга болдог. Харин уг хүн ухамсаргүй бол тэрхүү алдаа нь цаашид ч оршсоор л байх юм. Тиймээс өөрийнхөө амьдралд алдаа хийхээс айх хэрэггүй. Харин өөрийн хүчин чармайлтаа илүү их ухамсартай, сэргэг байхдаа зарцуул. Та бүрэн ухамсартайгаар оршин байж чадвал аяндаа алдаа гарахгүй. Сайн хүн болж харагдахыг хичээгч нэгэн асар их хүчин чармайлт гаргадаг бол харин ухамсарт хүн ямар ч чармайлтгүйгээр ухамсартайгаар амьдарснаар сайн хүн болж чаддаг. Бүхнийг сайн байлгахын тулд цаг ямагт өөрийгөө болон бусдыг шүүмжлэгч нэгэн нь өөрийн дотоод ертөнцдөө үргэлжид зөрчилтэй байдаг бөгөөд түүний зэмлэл, дарангуйлал нь түүний сэтгэлийн асар гүнд нуугддаг. Зөвхөн сэргэг ухамсартай байснаар сайн нэгэн болж болно. Ямар ч муу юу сайн уу гэсэн асуултгүйгээр, ухамсартайгаар хийсэн үйлдэл бүр чинь сайны төлөө байх болно. Ухамсарт хүн нь тайван, дөлгөөн, шийдэмгий, амарлингуй, бүтээлч байх бөгөөд жинхэнэ сайн гэх зүйлс ийм л зан төлөвөөс бий болдог. Ухамсарт хүн болсноор та бусдыг байгаагаар нь харах бөгөөд ингэхийн тулд та өөрийгөө харж ажиглах юм. 

Эх үүсвэр: http://freedomfromtheknown.com/how-to-increase-your-awareness-and-expand-your-consciousness/
Англи хэлнээс орчуулсан: Баасансүрэн
Хянан нийтэлсэн: Хандсүрэн