2015/07/03

Кристал аура


Кристал ауратай хүн ховор байдаг. Зарим хүний аураны хоёр дахь давхарга кристал өнгөтэй байх нь бий. Гэвч аураны үндсэн буюу суурь давхарга кристал байх нь тун ховор. Кристалуудыг аура хамелеон гэж нэрлэх нь бий. Учир нь кристал ауратай хүн бусад хүмүүсийн аураны өнгийг тольдон тусгаж байдаг. Тэд хүн бүрийн дотор орших эерэг, сөрөг талуудыг ойлгох ба өөрийн "жинхэнэ" өнгө төрхийг гаргах нь ховор.

Кристал ауратай хүмүүс эргэн тойронд буй хүмүүс болон эд зүйлсийн энергийг байнга шингээн авч байдаг гэдэг утгаараа хүн төрөлхтөнд буй хамгийн цэвэр, тунгалаг энергийн эмчлэгчид юм. Тэд маш өндөр энергийн давтамжийн хэлбэлзэлд оршдог учир бусад хүмүүсийн энергийг өөртөө шингээж байдаг. Кристалуудад олон хүнтэй газар удаан хугацаагаар байх нь маш их сөрөг нөлөөтэй. Иймээс кристалууд ганцаардмал байх нь олонтаа. Тэд бусдад анхаарал тавих, хүүхэд, амьтадтай ойр байх, тэжээх, байгальд ганцаараа алхах дуртай. Кристалууд бүрэн дүүрэн баланс, дэг журам, амар амгалан амьдралыг эрхэмлэдэг байгальд дуртай хүмүүс юм. Кристалууд хүн төрөлхтөнд хайртай бөгөөд хүний зовлон цөхрөлийг бууруулахын тулд өөр өөртөө өндөр хэмжээний хариуцлага хүлээдэг. Тэд бүх зүйлийн "том дүр зургийг" харж ойлгох онцгой чадвартай, бодлогошронгуй боловч халуун дулаан зан чанартай. Учирсан хүн бүртэйгээ гүн гүнзгий холбоо тогтоож, ойлгох чадвартай. Кристалууд өөрсдөдөө "Би бусад хүмүүс байж болохгүй гэж үү? Зүгээр энгийн баймаар байна" гэж хэлэх нь бий. 


Кристалууд хүмүүстэй нийцэлтэй байдаг. Хэрэв та кристал бол шар ауратай хүмүүстэй хамт дэлгүүр хэсч, ногоон ауратай хүмүүстэй амжилттай бизнес хийж, цэнхэр ауратай хүмүүстэй хамт зовлонг нь хуваалцаж, улбар шаруудтай хамт дугуй унаж, шинжлэх ухаанч боруудтай цаа бугын нүүдэллэх хэв маягийг судалж, хийсвэр боруудтай аеробек хийж, мэдрэмтгий боруудтай философи ярьж, нил ягаануудтай нийгмийн төлөө ажил хийж, ягаануудтай хамт хөлийн хурууны хумс будаж сурж, хүрэн ауратай хүмүүстэй цэрэг, зэвсэгт хүчний тактик ярьж, лавендер буюу цайвар ягаануудтай хамт моддыг мэдэрч, логик боруудтай нягтлан бодох бүртгэлийн аргачлал ярьж, улаануудтай хамт дасгал хийж, тэнгисийн цэнхэрүүдтэй Хатха Йоганы талаар хэлэлцэж, тэнгэрийн цэнхэрүүдтэй сэтгэл судлалын талаар мэтгэлцэж, маргад ногоонуудтай Дональд Трампын талаар ярьж, алиман ногоонуудтай цэцэрлэг тохижуулж, шар ногоонуудтай хамт хүнийн нөөцийн хэлтсийг өөрчилж, магента буюу магнийн улаануудтай хамт ном бичиж, хар хөхүүдтэй корпорацийн хүрээнд нөхөрлөж чадна. Гол нь чи ӨӨРӨӨ юу хийхийг хүсч байна вэ?


Та амьдралыг утгаар нь бүрэн амтлан мэдэрч, хүүхдийн тэврэлт, инээмсэглэл, сайн нойр гэх мэт хамгийн энгийн зүйлсэд талархаж амьдардаг. Нөгөө талаас амьдралын хамгийн сонин зүйлсэд дурладаг. Борооны дараа нар жаргахыг харж, жижиг цөөрмөөс мэлхий барьж аваад жаахан хүүхдийн өрөөнд хийж, хэд хэдэн удаа шинэхэн мэлхийтэй хамт сэрэхэд хүргэнэ. Тэгээд та хүүхдэд мэлхийг тавьж явуулахыг зааж "бүх зүйл байгаль дэлхийнх" гэдгийг сургаад, мэлхийгээ хооллохыг харж суух жишээтэй. 

Та найз нөхдөдөө хүндэтгэлтэй ханддаг. Та хэнтэй ч дасан зохицох чадвартай байдаг бөгөөд хүмүүсийг голж шилдэггүй. Дэлхий дүүрэн танилтай байх хэдий ч үсрээд гурван сайн найзтай байх нь бий. Та шинэ найзтай болоход хэзээд бэлэн байдаг бөгөөд ажлаа хийж, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, шавар дундуур хөл нүцгэн явж, олон нийттэй уулзах зэргээр цагийг завгүй өнгөрөөдөг. Та идэвхтэй амьдардаг учир хүн бүр л таньтай танилцаж, нөхөрлөхийг хүснэ. 


Кристал ауратай хүмүүсийн хамгийн том сул тал бол энергийн мэдрэмж юм. Кристалууд бага насандаа гомдох нь түгээмэл. Том болох тусам нөхцөл байдалдаа дасдаг. Кристал хүүхдүүд бяцхан том хүн шиг л байдаг. Тэд томчуудтай найзалж, ижил тэгш харьцуулахыг хүсдэг. Хэрэв та кристал хүүхэдтэй бол байгаагаар нь л байлгаарай. Тэднээс суралцахыг хичээгээрэй. Учир нь бусдад зааж сургах нь тэдний энэ гариг дээр ирсэн зорилго юм. 
   
Тэд энэ дэлхий дээр хүний ертөнцөөс хэтийдсэн, асар өргөн цар хүрээтэй мэдлэгтэй ирсэн. Тэд хэн нэгнийг гомдоосноо, хэдүйд сахилга бат сахих ёстойгоо, таны худлаа ярьж буй зэргийг бүгдийг мэддэг. Иймээс тэд нартай насанд хүрсэн хүнтэй харьцаж буй мэт ярилцах хэрэгтэй. Гэхдээ сэтгэл санаа нь маш мэдрэг байдгийг анхаарах хэрэгтэй. Тэд нарт анхаарал халамж тавих хэрэгтэй ч өөрийнхөөрөө байх хүслийг нь дэмжиж, өөрийн хүсэл шаардлагаа тулгах хэрэггүй. Ингэсний тань төлөө кристал хүүхэд чинь таньд талархах болно. 


Насанд хүрсэн кристалуудын сул нь "ТЭД ӨӨРИЙГӨӨ ХЭН БОЛОХЫГ МЭДДЭГГҮЙ". Та өөрийгөө хэн болохыг мэддэг гэдэгтэй итгэл байдаг. Та өөрийгөө хамгийн биеэ даасан, хурц үгтэй, ухаалаг хүн гэж боддог бөгөөд өөрийн ганцаардмал байдалтай сэтгэл хангалуун байдаг. Гэвч энэ бүхэн нийгмийн хэв маяг, дарамтнаас салж өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж мэдэх хүсэлтэй маш ганцаардангуй, ухаалаг, авьяаслаг хүний гадаад өнгө төрх төдий зүйл юм. 

Харилцаа холбоо: Та өөрийн найз, нөхөр, ойр дотны хүмүүсээ бүрэн дүүрэн эрх чөлөөтэй байлгаж, хүндэтгэж, ямар нэг шүүмжлэлгүйгээр, нээлттэй харилцдаг. Кристалууд МАШ ШУЛУУН зантай. Тэд үл хүндэтгэлийг хүлээж авдаггүй. Тэд хэн нэгнийг зан чанараа өөрчлөхийг хүлээдэггүй бөгөөд учир нь тэдэнд тийм цаг хугацаа ч байдаггүй. 

Хэрэв хэн нэгэн найзлах, дотносох хүслээ хангалттай илэрхийлэхгүй бол тэд зүгээр л "амьдралаас минь холдоод өг" гэсэн хандлагаа үйлдлээрээ илэрхийлдэг. Тэдэнд бусдыг хүлээх, янз бүрийн тоглоом тоглох, өөрт юу хэрэгтэйг мэдэхгүй байгаа хэн нэгэнтэй хамт байх цаг хугацаа байдаггүй. Кристалуудтай ойр дотно байх нь чухал ач холбогдолтой. Учир нь тэд буруу хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр гэж үздэг. Нөгөө талаас тэд зөв хүнээ сонгосон гэдэгтээ итгэлтэй байвал ямар ч асуудал гарсан даван туулж, хамтдаа шийдвэрлэх замаар өсч хөгжихөд үргэлж бэлэн байдаг. Кристалууд маш их түшиг, дэмжлэгтэй байдаг. 


Өөр өнгийн ауратай хүмүүст анхааруулж хэлэхэд кристалууд бусадтай амархан зохицдог хэдий ч худал хуурмагийг нэвт шувт хардаг. Хэрэв та кристалтай өөр зорилгоор нөхөрлөхийг оролдвол тэд даруй салдаг. Ийм учраас кристалуудтай анхнаасаа ил тод, шулуун шударга харилцах замаар харилцаагаа урт хугацаанд хадгалах боломжтой. 

Ажил олгогчдын хувьд кристалуудаас ярилцлага авч байна гэж бодвол үнэн хэрэг дээрээ тэд таниас ярилцлага авдаг. Тэд таны компаний талаар танаас илүү мэдэх бөгөөд, бүх асуултанд хариулж, өөрийгөө сонгогдох эсэхийг яг мэдэж байдаг. Тэд танаас гадна өчнөөн ярилцлаганд орж, хамгийн гол нь танайд ажиллах эсэхээ өөрөө шийдэхэд хүрдэг. 

Хэрэв дарга чинь кристал бол та өвчтэй гэж худал яриад өнгөрнө гэж бодож байвал санасны гарз. Тэр таны цалинг хасах болсноо мэдэгдэнэ. Кристал дарга чинь таны эсрэг ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй бол бүх зүйл болж байна гэсэн үг. Харин нөхөрсөг бус байвал таны ямар нэг зүйл түүнд таалагдахгүй байгаад биш харин тэрээр 1-рт Хуурамч зан гаргаж чаддаггүй, 2-рт Ажлын цагийг өөр зүйлд ашиглаж байгааг мэдэж байгаа хэрэг юм. 

Кристалуудын хувьд харилцаа холбоонд анхаарах зүйлс: Өөрийгөө анхаарах хэрэгтэй. Тэд хэнээс, яг юу хүсч буйгаа яв цав мэдэж байдаг. Та ямар зан төлөв, амьдралын хэв маягтай хүн хүсч байгаагаа мэднэ. Кристалууд харилцаа холбоог дуусгах болсон шалтгаан бол хүмүүс анх байсан шигээ байхаа больлоо гэдэг асуудал юм. Гэвч асуудал шал өөр зүйлд байдаг. 


Кристалууд ӨӨРСДӨӨ өөрчлөгддөг. Тэд маш амархан дасан зохицож, харилцаа холбооны туршид энерги, сэтгэл хөдлөлийг мэдэрч, зан төлөв, шинэ ур чадвар эзэмшиж, улмаар ӨӨРЧЛӨГДӨЖ, найз нөхөр, хамтрагчаасаа ИЛҮҮ ГАРДАГ. Ийм ч учраас өмнө нь хөгжилтэй, хөөрхөн санагддаг байсан хүн амьдралыг чухлаар авч үзэхгүй байгааг олж хардаг. Тэгээд аливаад нухацтай ханддаг хэн нэгнийг үгүйлж эхлэх жишээтэй. 

Кристалууд юу хүсч байгаагаа мэдэхээ байвал энэ нь дараах зүйлстэй холбоотой. Юуны өмнө өөрийн энергийг бусад хүмүүст зарцуулж, аажмаар тэдний дүрд хувиран орсноор өөрийнхөө хүсэл зорилгыг мартахад хүрдэг. Кристал бол аураны өнгөн дундаас хамгийн цэвэр энерги гэдгийг санах хэрэгтэй. Таныг хоосон шилэн аяга гэж төсөөлбөл дотор нь юу хийхээс их зүйл хамаарна. Та өөр хүний хүслээр өөрийгөө дүүргэвэл нөгөө хүнд чинь таатай байхаас биш танд аятай таатай байхгүй. Иймээс өөрийнхөөрөө байх нь чухал. Энергийн хувьд холилдон, өөрчлөгдөх хэрэггүй. 

Харилцаа холбоо, нөхөрлөлөө хэрхэн сайжруулах вэ: Тэднээс зайгаа барьж, өөрийгөө нөхөн сэргээж, бие даан ганцаараа байж, өөрийгөө хэн болохыг санах цаг гаргаснаар сэтгэл, санаа, бие махбодь, энергийн түвшинд алдагдалд орохгүй байх боломжтой. Хэрэв та бусад хүмүүстэй хэтэрхий их холбогдоод байгаагаа мэдэрвэл зайгаа барих хэрэгтэй. Та далд мэдрэмжтэй, бусдын бодол, мэдрэмж, хандлагыг мэдрэх чадвартай гэдгээ сана.  


Та бусад хүмүүсийн мэдэхгүй байгаа зүйлсийг зүгээр л "мэдэж" байдгаараа бусдын гайхшралыг төрүүлдэг. Хүмүүс таньд өөрийнхөө талаар маш амар, чөлөөтэй ярьж чаддаг. Харин та заримдаа өөрийнхөө талаар ярих хэрэгтэй байгаагаа сануулах нь чухал. Мөн кристалууд хүнд итгэж сурах хэрэгтэйгээс гадна зарим найзууд хамт дэлгүүр хэсэхэд, зарим нь хоол идэхэд, зарим нь утсаар ярьж, чаатаар бичих найзууд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Утасны найзыг кофенд урьж, нүүр тулан харьцах гэж оролдцсоны хэрэггүй. Найз нөхөрлөл бүр өөр өөрийн гэсэн онцлогтойг санаарай.  

Таны сүнсний хичээл: бусадтай адил амьдрахыг хичээх хэрэггүй. Та бол өвөрмөц. Үүндээ дасан зохицох хэрэгтэй. Бусад хүмүүс ч мөн таныг байгаагаар чинь хүлээн зөвшөөрөх болно. Өөрийн энергийг өөрчилж, нийгэмтэй нийцэхийг оролдохоо болих хэрэгтэй. Хүмүүс таны өвөрмөц байдалд дуртай. Та ажилдаа үнэхээр дуртай л биш бол оффисын ч юм уу нэгэн хэвийн зүйл хийх дэмий. Таны харилцаа холбоо, нөхөрлөл нийгмийн стандарт, хандлагад нийцсэн байх албагүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийн дарамт шахалтнаас гар. Ингэхэд л хангалттай. Тэртэй тэргүй та бусдаас илүү ихийг  мэднэ. Иймээс өөрийнхөөрөө л бай. 


Ямар өнгийн ауратай хүмүүстэй ойр дотно байвал зүгээр вэ? Тэнгисийн цэнхэрүүд (aquamarine) таньтай адил сүнслэг хөгжил өндөр, биеэ даасан байдаг бөгөөд тэд таныг өөрчлөгдөхийг шаардахын оронд хүндэтгэн харилцана. Ногоонууд (green) өөрийн ажил хэрэгтээ төвлөрч, та ч бас хувийн асуудлаа зохицуулж байдаг учраас та хоёр бие биенийхээ хэмжээ хязгаар, энергийг хүндэтгэн, таатай байдлаар харилцаж чадна. Мэдрэг бор ауратай (sensitive tan) хүмүүс сэтгэл хөдлөлийг мэдэрч, тайван, өөртөө итгэлтэй байж таныг байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг. 

Ямар өнгийн ауратай хүмүүсээс болгоомжилбол зүгээр вэ? Улбар шарууд (orange) физик ертөнцийн амьдралд хэт автсан байдаг бол та далд ертөнцийг илүүтэй сонирхож байдаг гэдэг утгаараа сонирхол чинь өөр байна. Тод ягаанууд (purple) ил тод мэт байх авч танд энергийн хувьд маш эргэлзээ төрүүлдэг. Улаанууд (red) суурь болон хувилгаан чакран дээр төвлөрсөн байдаг бол та энергийн хувьд титэм чакранд төвлөрч ажилладаг. Ягаанууд (pink) юу хэрэгтэй байгаагаа мэддэггүй, амьдралын чиг хандлагаа олоогүй байдаг. Лавендер буюу цайвар ягаанууд (lavendar) таньтай адил үүлэн дунд хөвж явдаг учраас амьдралаа авч явахад хүндрэл учирна. 


Танд хамгийн сайн тохирох ажил мэргэжлүүд: мэргэ төлгө, далдыг харах, сүнслэг амьдралын зөвлөх, спиритуалист, санваартан, энергийн бариач, энергийн эмчилгээ, сүнслэг лидер буюу манлайлагч (учир нь та бол хамгийн цэвэр ариун энергийн суваг бөгөөд байгалиас заяасан авьяастай), эмч буюу сувилагч (та байгалиас заяагдсан эмчлэх чадвартай бөгөөд, хүний биеийг сонирхдог төдийгүй асар ухаалаг гэдгээрээ давуу тал үүсгэдэг), йогын багш (та ихэнх дасгалд дургүй хэдий ч йог нь сүнслэг мөн чанарыг физик мөн чанартай холбож өгдөг), цэцэрлэг, бага ангийн сурган хүмүүжүүлэгч (учир нь та бага насны хүүхдүүдтэй хамт байх дуртай). 

Танд хамгийн зохимжгүй ажил мэргэжлүүд: үйлдвэрт ажиллах (та химийн бодисуудад мэдрэг ба нөгөө талаас хэт уйтгартай), багшлах (сүнслэг зүйл биш л бол та удаан зааж тэвчихгүй), цэвэрлэгч, үйлчлэгч (хурц үнэрийг тэсэхгүй бас залхмаар санагдана), нягтлан бодогч (та нэгэн хэвийн зүйлээс уйдаж орхино), компьютер програмист (та асуудлыг шийдвэрлэх дуртай ч кодтой зууралдсанаар сүнслэг талаа орхигдуулахад хүрнэ). 

Эрүүл мэндийн асуудал: илүүдэл жин, зүрх судасны өвчин, диабет, толгой өвдөх, элэг, бөөрний өвчин, шээсний сувгийн үрэвсэл, цөсний хүүдийн асуудал, хөшилтүүд. 

Эрүүл мэндийн давуу талууд: цусны даралт ямагт төгс байдаг, маш хүчтэй, цэвэрхэн, уян хатан арьс, тэсвэр тэвчээр. 

Кристал мөн эсэхээ хэрхэн мэдэх вэ? 


1) Та ямар нэг үдэшлэгт очвол дуугүй байх буюу хүмүүс танилууд чинь хүрч ирж асуудлаа ярьдаг. 
2) Таны эргэн тойронд байгаа хүмүүс худлаа ярьж чаддаггүй. Худлаа ярихыг оролдвол та нэн даруй илрүүлдэг. Иймээс хүмүүс юу болсноо бүгдийг нь ярьж эхэлдэг. 
3) Та амьдралынхаа туршид жингийн асуудалтай байдаг. Хүмүүс таньд татагдаж, таны нүд, гүн гүнзгий, хүчирхэг харцны талаар ямар нэг зүйл хэлдэг.  
4) Кристалууд голдуу дараах хоёр төрлийн төрхтэй: 
    a) Цайвар арьс, үс, маш том, хурц харцтай цэнхэр нүд
    b) Цайвар арьс, бараан үс, согоо шиг хар хүрэн нүд 
5) Та цаг хугацаатай байнга уралдаж байдаг. Та өдрийг эхлүүлмэгцээ ажилдаа дарагдаж, хүмүүстэй ярилцаж, ажлаа амжуулах буюу өөрийгөө арчилж байх зуур өдөр дуусчихдаг. Та товлосон цагаасаа өмнө эсвэл дараа нь очих нь түгээмэл. Нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч, улиран одсон он жилүүдэд юу хийснээ төдийлөн санахгүй байх нь бий.  
6) Хүмүүс таныг мартдаггүй. Та хүмүүстэй холбоотой байхын тулд төдийлөн их хичээдэггүй. Хүмүүс таньтай нөхөрлөхийг хүсдэг. Хүмүүс голдуу таньтай хамт байсныхаа төлөө талархал илэрхийлж, зөвөлгөө авах нь олонтаа.  
7) Та нэгэн хэвийн ажилд дургүй. Та өөрийн хийж буй зүйл ямар нэгэн УТГА УЧИР агуулаагүйг мэдвэл маш сонирхолгүй болж, ажил дээрээ зүүрмэглэн унтах тохиолдол гарна.  
8) Та амьдралынхаа туршид олон ажил мэргэжил сольдог. Учир нь та ажлаасаа хурдан хугацаанд суралцаж, илүү ихийг хүсэмжилдэг.
9) Та гарын таван хуруунд багтахааргүй цөөн дотно найз нөхөдтэй. 
10) Та бусдыг амархан уучилдаг ч тийм ч амархан мартдаггүй. Хэн нэгэн таны итгэлийг алдвал тэд зүрх сэтгэлд чинь эзлэх байр сууриа алддаг.  
11) Та хүмүүсийг шүүмжилдэггүй бөгөөд таны оюун санаа гайхалтай нээлттэй.
12) Та маш нууцлаг бөгөөд бусдад өөрийн тухай ярих дургүй. 
13) Та хүмүүсээс барагтаа л туслалцаа авдаггүй.  
14) Та мөнгөнд дуртай хэдий ч мөнгө таны хэрэгцээг хангадаггүй. Та хүмүүсийн мөрөөдөж байгаагаас ихийг жилийн дотор олж чадах хэдий ч гайхалтай их өр зээлтэй байх нь түгээмэл.  
15) Та бодол санаагаа шүүлтүүргүй хурдан хэлчихдэг талтай. Үүнийхээ дараа амаа барих нь олон.  
16) Та усанд дуртай. Та өдөрт хэд хэдэн удаа усанд орж, усанд сэлэх, бороонд норох дуртай. 
17) Та маш их унтах шаардлагатай байдаг бөгөөд өглөө сэрснийхээ дараа их ааш муутай байдаг. 
18) Та сүүлийн үеийн хувцас загвар, өнгө, будалтанд анхаардаггүй хэдий ч классик стиль төрхийг бүрдүүлдэг.  
19) Та хөгжмийг бусдаас илүү мэдэрч таашаадаг. 
20) Таньтай хамт байхад халуун дулаан мэдрэмж төрдөг. Хүмүүс таны инээмсэглэл, сэтгэл татам байдал, мэргэн үгэнд дуртай. 

Эх үүсвэр:  http://www.aurareader.com/1/post/2015/02/crystal-aura-color.html
Аура харуулах групп: https://www.facebook.com/groups/aurareader/

Холбогдох нийтлэлүүд: 
  1. Кристал хүүхдүүд
  2. Индигогоос Кристал болж хувирах болон Кристал хүүхдүүдийн арчилгаа
  3. Хүний биеийн энергийн хүрдүүд
  4. Индиго аура
  5. Кристал аура
  6. 4. Нил ягаан аура
Энэ мэдээлэл таалагдсан бол SHARE хийж бусдад түгээгээрэй.