2015/03/10

Эмпатууд буюу далд мэдрэмжтэй хүмүүсийн гол шинж чанарууд


Ихэнх эмпатууд янз бүрийн мэдрэмж хүлээж авсаар байгаад мэдрэлийн ядаргаанд орж, хэт мэдрэг болсон байх нь түгээмэл. Учир нь олдохгүй өвчнөөр өвдөж, чилээрхэх нь түгээмэл. Тэд сэтгэл санааны хувьд нээлттэй байдаг бөгөөд бодож сэтгэж байгаагаа чөлөөтэй ярьж, илэрхийлж байдаг. Зарим тохиолд яг үүний эсрэг байх нь бий. Зөрүүд, хүйтэн, хөндий мэт санагдах эмпатууд ч байдаг. Ийм эмпатууд гаднаас ирж буй мэдээлэл, мэдрэмжийг шууд блок хийх буюу дотроо хуримтлуулан, гадагш гаргахгүй байх нь бий. Энэ нь голдуу бага насны хүмүүжил, гэнэтийн таагүй явдал, орчны нөлөөлөл зэргээс үүссэн байдаг. Жишээ нь бага насанд нь томчууд "хүүхэд юугаа мэддэг юм бэ, дуугүй бай" гэх мэтээр ханддаг байсны улмаас хүмүүс ер нь хаагдмал болох нь бий. Бусдын хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт нь эмпатуудыг хаагдмал болоход нь нөлөөлсөн байж болно. Иймээс хаалттай эмпатууд өөрийгөө нээж, илэрхийлж сурах замаар сэтгэл санаа, бие махбодоо эрүүлжүүлэн, эмпат ур чадвараа ашиглах боломжтой.


Эмпатууд бусдыг маш сайн мэдэрдэг учраас загасчны морь усгүй гээчээр өөрийгөө орхигдуулах нь бий. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй буюу өөрөө юу мэдэрч байгаагаа анзаарахгүй байна гэсэн үг. Нөгөө талаас тэд бусдын мэдрэмжийг тусгаж аваад, өөрийн мэдэлгүй буцааж ойлгох хандлагатай байдаг. Сөрөг байгааг мэдрээд бухимдаад байхын оронд мэдрэмжүүдийг илэрхийлэх, ярилцах зэрэгт суралцах хэрэгтэй. Эмпатууд ерөнхийдөө аль болох тайван арга замаар асуудлыг шийдэхийг хичээдэг. Тэд ямар нэг зөрчил байвал дор нь мэдэрч, таагүй болдог. Ямар нэг хүнд асуудалд орвол хурдан хугацаанд шийдвэрлэх буюу тэр чигээрээ үл тоож, тусгаарлахыг оролддог. 

Эмпатууд ТВ, видео, кино, мэдээ зэрэгт маш мэдрэг. Хүчирхийлэл, цочирдмоор дүр зураглал, хүн, амьтанд сэтгэл санаа, бие махбодын дарамт учруулж буй үйлдлийг харуулсан зүйлс эмпатуудад гүн гүнзгий тусдаг. Ийм зүйл үзэж, мэдэрвэл тэдний бие махбод нь өвдөж, нулимс дуслах буюу хоолой нь боогддог. Хүчирхийлэл, сөрөг байдлыг үл тоох буюу өөгшүүлж, давраагсдыг тэд тэсэж чаддаггүй. 


Эмпатууд хүн, амьтан, байгалд дуртай бөгөөд тэдэнд зүрх сэтгэлээсээ хандаж, тусалдаг. Хүрээлэн буй орчин, байгалийн төлөө тэд тасралтгүй ярьж, ухуулж, анхаарал тавьж байх бий. Сайн дурын ажлуудад оролцож, бусдад туслах нь түгээмэл. 

Эмпатууд маш хүчирхэг, уран төсөөлөл, сониуч зан, тасралтгүй тэлэх мэдлэгийнхээ тусламжтайгаар сонирхолтой яриа өрнүүлж, хүүрнэл зохиодог. Зарим маш романтик байх нь бий. Мөн эртний мэдлэг, гэр бүлийн түүх, генетикийн чухал шинж тэмдгийг агуулдаг. Энэ ч утгаараа ургийн бичиг бүтээх буюу залгамжилж авах нь түгээмэл. 

Хөгжимд маш дуртай бөгөөд өөрийн зан характер, нөхцөл байдалд тохируулан хөгжим сонгож сонсдог. Мөн дууны үг нь эмпатуудад хүчтэй нөлөөлдөг учраас үггүй хөгжим сонсох буюу эсвэл эерэг үг, аялгуу сонсохыг зөвлөмөөр байна. 

Тэд хүний, өөрийн сэтгэл хөдлөл, энергийг их хэмжээгээр агуулдаг учраас бүтээлч байдлаар илэрхийлж, гаргах хэрэгцээтэй байдаг. Иймээс дуулж, бүжиглэх гэх мэтээр илэрхийлдэг. Өөрийгөө илэрхийлэх явцдаа трансад орох нь бий.  


Эмпатууд хүн, амьтан их татагдана. Тэд бусдыг соронз мэт татаж байдаг. Огт танихүй хүмүүс хүртэл хувийн амьдралаа дэлгэж, зүрх сэтгэлээ санаатай болон санаандгүй байдлаар нээх нь бий. Учир нь тэд эмпатууд өөрсдийг нь хүлээн авч, ойлгоно гэдгийг далд ухамсраараа мэдэрдэг байна. 

Эмпатууд хаврын тэнгэр шиг хувьсамтгай. Тэд хөгжилтэй, нээлттэй, баяр хөөр дүүрэн байж байснаа гэнэт хувирч, тэс өөр зан гаргах нь бий. Нэг ёсондоо энергийг хурдан хүлээн авч, мэдэрч, өөрчлөгддөг. 

Эмпатууд ерөнхийдөө асуудлын шийдлийг олдог, маш олон зүйлийг судалж, сурж байдаг. Тэд нэг юм барьж авсан бол учрыг нь олтлоо тавьж явуулдаггүй. Эмпатууд өөрөө ч мэдэлгүйгээр Ертөнцийн Мэдлэгийн Санд нэвтэрч, хэрэгтэй мэдээлэл, зөвөлгөө авч чаддаг. 


Эмпатууд тод буюу сэрүүн зүүдэлдэг. Өдөр тутмын амьдралаас гадна нууцлаг, сүнслэг зүүднүүдийг бага наснаасаа зүүдэлж эхэлсэн байдаг. Ер нь зүүдээ санаж, тайлж, учрыг нь олж чаддаг. 


Эмпатууд нэгэн хэвийн зүйлийг тэсч чаддаггүй. Амьдрал уйтгартай болж ирвэл ямар нэг зүйл хийх буюу бодол, мөрөөдөлдөө живж орхидог. Жишээ нь хичээл дээр багш нь ямар сэтгэлгүй байвал эмпатууд дор нь мэдэрч, хүлээж авахаа болих нь бий. Сэтгэл хөдлөлийг мэдэрч, илэрхийлэх чадвартай байдаг учраас эмпатууд сайн жүжигчин болдог.


Эмпатууд дежа ву, тохиолдол зэрэгтэй түгээмэл таардаг. Өөрийгөө илүү сайн таньж мэдэх тусам давхцал олширдог. Давхцал таарах тусам гайхалтай сэтгэл ханамж, баяр баясал төрдөг. 

Эмпатууд амьдралынхаа туршид паранормал буюу ер бусын үйл явдалтай таарсаар ирсэн байх нь бий. Үхээд сэхэх, биенээсээ гарах зэрэг явдал болсноор эмпатууд сэрж, ухаардаг. Ийм үйл явдал болсны дараа тэд амьдралынхаа зорилго, мөн чанарыг илүү эрэлхийлдэг. Ер нь нэгэн хэвийн амьдрал хүнийг ухаарч сэхээрэхэд төдийлөн нөлөөлж чаддаггүй. Харин гэнэтийн үйл явдалтай тулгарсны дараа амьдралынхаа зам мөрийг бүрдүүлэхэд бусдаас туслалцаа авах хэрэг гардаг. Харамсалтай нь хэн нэгэн үүнийг нь ойлгож, дэмжлэг үзүүлэхгүй бол тэд уг ур чадвараа нууж дардаг. Иймээс тэд далд ертөнцийг сонирхох сонирхлоо хөөж, утга учрыг нь олох замаар өөрийгөө таних хэрэгтэй.

http://themindunleashed.org/2013/10/30-traits-of-empath.html