2015/02/13

Зүрхний чакра нээх аргууд


Зүрх бол хүний сэтгэл хөдлөл тэр дундаа хайрын төв. Мөн сүнсний байрлах гол төв гэж нэрлэж болохоор. Хэрэв та ажигласан бол хүн би гэж өөрийгөө заахдаа гараа цээжний төвд, зүрхэн дээрээ аваачдаг. Би гэж хэлээд толгой юм уу биеийн бусад хэсгийг заадаг хүн ховор. Тэгэхээр таны зүрх бол таны мөн чанар, сүнслэг мөн чанар байрлах гол хэсэг юм.

Зүрхний чакраны тухай би өмнөх нийтлэлд бичиж байсан. Гэвч энэ удаад илүү дэлгэрэнгүй тайлбарыг өгье. Энэ чакра номин ногоон өнгөтэй. Ногоон өнгө бол байгалийн өнгө, шинэ амьдралын бэлгэдэл болдог. Хүнийг тайвшруулж, энерги, эрч хүчийг өгөх увидастай. Зүрхний чакранаас цацрах энерги нь биднийг утга учиртай харилцаа холбоо үүсгэж, бусдыг ойлгох, уучлах, хайрлах, халамжлахад хүргэдэг. Зүрхний чакраа блоклогдсоны улмаас уур хилэн, атаа жөтөө, хардалт, эргэлзээ, өш хонзон, айдас, гутрал бий болдог. Хайр дурлал, дотно харилцаа холбоо бүтэхгүй буюу ганцаардмал санагдах нь бас зүрхний чакра хаагдсантай холбоотой. Хууртаж, гомдсоны эцэст уучилж чадахгүй, өш хонзон санах нь таны зүрхний чакраг хаагдуулахад хүрдэг. 


Зүрхний чакра хаагдсан үед хүмүүс дахиж зовж, шаналахгүйн тулд өөрийгөө тусгаарлан, хана барих нь бий. Энэ тохиолдолд хайр өгч чадахгүй бас хайр хүлээн авч чадахгүй болно. Сэтгэлийн шарх, гуниг гутрал таны зүрхийг өвтгөхөд хүргэдэг. Үүний улмаас төрөл бүрийн зүрхний өвчин, харшил, цусны даралт, хөхний хавдар, астам, дархлааны системийн өвчлөл үүсдэг. Тэр ч бүү хэл зүрх судасны өвчлөл нь хүн төрөлхтний үхлийн номер 1 шалтгаан болж байгаа нь зүрх сэтгэлээ нээх цаг болсныг харуулж байна.

1. Зүрхний чакраг эдгээхийн тулд байгалийн гоо сайхныг мэдэрч, агаарт гарч байх хэрэгтэй. Ингэснээр зүрх төдийгүй таны бие махбод тэр чигтээ балансжигддаг. Ургамал, амьтантай ойр байж, бусдад тусал.  

2. Бясалгал нь өөрийгөө хянах хяналтыг сайжруулж, бодлоо хянаж сурахад нөлөөлдөг. Энэ ч утгаараа сөрөг бодлоо холдож, эерэг сонголтуудыг хийж, нөхцөл болзолгүй хайрыг өгөхөд бясалгал тустай. Жинхэнэ хайр гэдэг бол ямар нэг ашиг сонирхолгүйгээр бусдын төлөө сэтгэл тавих явдал юм. Энэ ч утгаараа асар их өсөлт, тэлэлтийг авчирдаг. Хайрлаж, өгөөмөр байх тусам төдий чинээ хайр, тусыг хүртдэг. 


3. Дуртай зүйлээ хийж амьдар. Ямар нэгэн шаардлага, найдлага тавилгүйгээр дуртай зүйлээ хийж, тэндээсээ кайф авч, аз жаргалыг мэдэрснээр таны асар их энерги авна. Нөгөө талаас аз жаргал бол зүрхнээс ундран гардаг хамгийн хүчирхэг энергийн урсгал юм. Та баярлаж, инээж, аз жаргалтай байх тусам зүрхнээс урсах энерги улам хүчирхэг болдог.


4. Өөртөө итгэж, үнэ цэнээ мэдэр. Бусад хүмүүс болон нөхцөл байдлаас хамааралгүйгээр өөрөө амьдралаа авч явж, сонголт хийж, аз жаргалтай байж чадна гэдэгтээ итгэ, мэдэр. Ингэж чадсанаар та бусад хүмүүсийн нөлөөлөл, энергид автахгүйгээр өөрийн зам мөрийг зуран амьдарч чаддаг болно. 

5. Өөрийгөө хайрла. Энэ талаар та амьдралынхаа туршид хангалттай сонссон байлгүй. Хүн өөртөө яаж хандана, бусдад тэгж хандах нь бий. Өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусдыг хайрлана гэдэг эргэлзээтэй. Өөрийгөө хайрладаг хүн өөрийг нь аз жаргалтай болгодог зүйлсийг хийж, тийм хүмүүстэй хамт байж, өөртөө анхаарал тавьдаг.

6. Уучил. Өөрийгөө хайрлаж, зүрхээ эдгээх нэг чухал арга бол өнгөрсөн гуниг гутрал, зовлон, харууслаа тавьж явуулах явдал юм. Уучлана гээд өнгөрснийг мартах биш харин тэр үйл явдлуудаас үлдсэн уур, айдас, бухимдал, сөрөг бүхнийг тээж явахаасаа татгалзана гэсэн үг. Та бусад хүмүүсийн үйлдэл, хандлагыг өөрчилж чадахгүй байж болно. Харин тэдний үйлдэл, хандлагыг хэрхэн дүгнэж, ямар хариу үйлдэл үзүүлэх нь таны сонголт юм. 


7. Балжингарам гэх мэт байгалийн гаралтай тайвшруулагч үнэртнүүдийг гэр болон оффистоо байршуулаарай. Жишээ нь балжингарам цэцэгний үнэр нь таны зүрхний чакраг сэргээн балансжуулдаг. Нөгөө талаас нүдээ аниад зүрхний гэмтээсэн шархнуудыг балжингарам цэцгийн тосоор тосолж, эдгээж байна гэж төсөөлөөрөй. Таны зүрхний гадаргуу эрүүл, зөөлөн, мөлгөр болж байна гэж төсөөл. 

8. Олон төрлийн навчлаг, ногоон өнгөтэй ногоо, жимс ид. Ногоон өнгийн хувцас, чимэглэл хэрэглэж, гэр орноо ногоон өнгөөр тохижуулаарай. 

9. Дэлхийн зүрхний чакра байдаг газар луу яваарай. 

Зүрхний чакраг нээх нь хүчин чармайлт шаардах хэдий ч аз жаргалтай харилцаа холбоо, сайн нөхөрлөл, гүн гүнзгий хайр дурлал, өөрийгөө хайрлах хайр, эрүүл энх, амар амгаланг авчирдаг. Хүчирхэг зүрхтэй хүмүүс хүчирхэг, зоригтой байдаг бөгөөд хайрыг нээлттэй хүлээн авч, бусдад илгээж байдаг. 

Зааварчилгаа видео:


http://www.chakrahealing.com/