2015/01/19

Та хэт өндөр энергийн давтамжтай хүмүүсийн нэг үү?


Бусад хүний хувьд болоод байдаг эм бэлдмэл, хоолны дэглэм, хэвшил танд таарахгүй байна уу? Ихэнх хүмүүсийн сайн гэж ярьдаг эрүүл мэнд, итгэл бишрэлийн систем, зан үйл танд нийцэхгүй байна уу? Та өөртөө хичнээн ч анхаарал тавьсан энерги, зан төлөв, дархлалын систем тань сайжрахгүй байна уу?

Хэрэв та дээрх асуултуудад "тийм" гэж хариулсан бол та хүн төрөлхтний 1% - ийг бүрдүүлдэг генетикийн өндөр давтамжтай хүмүүсийн нэг байж болох юм. Өндөр давтамжтай хүмүүс "хэт мэдрэмтгий", "эмпат" буюу бусдын мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, бодлийг мэдэрдэг, бүтээлч, өндөр шаардлагатай, ээдрээ бүхий сонирхолтой хүмүүс гэгдэх нь бий. Өндөр давтамжтай хүмүүст бусад хүн татагддаг хэдий ч тэд хүн амын 1% - ийг бүрдүүлдэг цөөнх гэдэг утгаараа их ганцаардмал байх нь бий. Гэсэн хэдий ч тэд өвөрмөц, зүрхэнд төвлөрсөн амьдралаар амьдарсаар байх болно. Эдгээр хүмүүсийг дэлхийн эргэн тойронд "гэрлийг түгээгч" буюу хүн төрөлхтний ухамсрыг дээшлүүлж, гэгээрэлд хөтлөх зорилгтойгоор илгээсэн байдаг.

Энергийн өндөр давтамжтай хүмүүс / сүнс / ухамсар хүний амьдралаар амьдрахдаа дараах түгээмэл шинж чанартай байдаг:

1. Өөрсдийн жинхэнэ сүнслэг мөн чанарт нийцсэн "гэр", хань, гэр бүл, найз нөхөд, хамт олныг олох хүсэл тэмүүлэл.


2. Сахиулсан тэнгэр, сүнслэг биетүүд эргэн тойронд нь байгааг мэдрэх. Зарим тохиолдолд тэднийг харж, сонсох.

3. Асар өндөр оюун ухаан, ур чадвартай хэдий ч хүссэн амжилт, харилцаа холбоо, аз жаргалаа олж авч чадахгүй байгаа мэт мэдрэмж.

4. Хүрээлэн буй хүмүүс, байгаль орчинд гарч буй өөрчлөлтийг өөртөө тусган зан төлөв, сэтгэлийн хөдөлгөөн, энергийн түвшин нь өөрчлөгдөх.

5. Илүү өндөр ухамсартай буюу "сэрсэн" мэт мэдрэмжүүд үе үе төрөх хэдий ч дэлхий дээрх 3 хэмжээст, өдөр тутмын амьдралд удаан үргэлжлэх боломжгүйг нь олж мэдрэх.

6. Маш тод зүүдлэх, зүүдэндээ хөдлөх, ярих буюу үйлдэл хийх.

7. Харилцаа холбоо, үүрэг хариуцлагад үе үе хүчтэй дарагдах. 

8. Цаг хугацаа илүү хурдсах эсвэл өдөр тутмын ажлуудаа хийж байх зуур "цаг хугацааг мэдрэхгүй болох".

9. Тохиолдлуудыг илүү их мэдэрч, "гэнэтийн явдал" гэж байдаггүйг ойлгох.


Үүнээс гадна энергийн өндөр давтамжтай хүмүүс дараах төрлийн итгэл үнэмшлүүдийг түлхүү хүлээн зөвшөөрдөг байх нь бий:

1. “Бусдад туслах” - ыг чухалчилдаг бөгөөд ихэнх шийдвэрүүдээ үүний төлөө гаргадаг. Бусдын төлөө хийсэн бүх зүйл та болон таны хайртай хүмүүст хэзээ нэгэн цагт эргэж ирдэг, нөлөөлдөг гэдгийг ухаардаг. Учир нь бүх зүйл хоорондоо энергийн давтамж, бүтэц, мөн чанар болон кармын хуулиар холбогдсон байдаг.

2. Та дэлхий, хүний амьдрал зэргийг маш том зургийн нэг жижиг хэсэг гэдэгт итгэдэг. Хүний амьдрал бол сүнс, сүнслэг биет болон бусад хэмжээст ертөнцийн биетүүдийн туршилтын талбар, тоглоомын талбай буюу "сургууль" гэж хардаг.


3. Хүний ухамсрыг нээхийн тулд хүнд хэцүү нөхцөл байдал, үйл явдал тохиох ёстой байдаг. Та өдөр тутмын амьдралдаа бусад хүмүүстэй харьцахдаа шулуун шударга, үнэн сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Гэсэн хэдий ч та өөрийн метафизик ур чадвар, өвөрмөц бодол сэтгэлгээ, авьяасаа нуухыг хичээдэг. Та хүмүүст хүнд хэцүү үед нь туслах замаар илүү сүнслэг болоход нь тусалдаг болохыг мэднэ.

4. Аз жаргал бол энэ амьдрал дахь цорын ганц зорилго биш харин амьдралын зорилгоо биелүүлж амьдрах нь танд илүү сэтгэл дүүрэн мэдрэмж төрүүлдэг. Хүмүүсийн боддог шиг "амжилттай амьдралаар" амьдрахын оронд өөрийн зам мөрийг бүтээж амьдрахыг илүү чухалчилдаг.

5. Та заяа төөрөгтөө сэтгэл ханамжтай байдаг хэдий ч чөлөөт сонголт, энергийн давтамжийн түвшин нь заяа төөргөө биелүүлэх цаг хугацаа, хүчин чармайлт, үр дүнд нөлөөлдөг болохыг мэднэ. Нөгөө талаас та өөрийн энергийн давтамж, ухамсарын түвшнийг дээшлүүлэхийг хамгаас илүү чухалчилдаг.


6. Та өөрийн зүрх сэтгэлийг дагадаг. Зүрх ямар нэг үйл явдал болохоос өмнө мэдэрч, хариу үйлдэл үзүүлж чаддаг. Тархи үүний эсрэгээр аливаа зүйлийг болж байх явцад эсвэл болж дууссаны дараа л үйлдэл үзүүлж байх жишээтэй. Зүрх сэтгэл бүх зүйлийг маш сайн мэдэрдэг.

7. Мөнгөнд бүх анхаарлаа хандуулах дургүй. Та хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч, мэдрэхийг чухалчилдаг. Та мөнгөөр төлбөр тооцоо хийхээс илүүтэй бусдад үйлчилж, авьяас ур чадвараар харилцан туслалцаа үзүүлэхийг хүсдэг. Өөрийн уран бүтээл, цаг, ур чадварыг хуваалцах нь зүрх сэтгэлээ нээн илэрхийлэх хамгийн чухал хэрэгсэл гэж үздэг.

8. Та эх дэлхий, байгалийг хайралж дээдэлдэг. Дэлхийн өөрчлөлтийг та бие сэтгэлээрээ мэдэрдэг. Нар, сар, од эрхэсийн хөдөлгөөнөөс үүсэх өөрчлөлтийг та мэдэрдэг. Ихэнх хүмүүс тогтвортой хөгжлөөс илүүтэй шунал, хувийн ашиг сонирхлыг чухалчилж байгаа нь таны дургүйцлийг төрүүлдэг.

9. Та дэлхий дээрх хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогоороо хүн төрөлхтний нэгдсэн ухамсрыг бүрдүүлж байгаа болохыг ухаардаг. Нийгмийн байр суурь, үүрэг хариуцлага, мэдлэг боловсролын түвшнээс үл хамааран хүр бүр үнэ цэнэтэй, ач холбогдолтой.


Хэрэв дээр дурдсан зүйл танд нийцэж байвал танд магадгүй өндөр энергийн түвшний үйл явдал, мэдрэмж тохиох буюу өөрийгөө өндөр давтамжтай хүмүүсээр хүрээлүүлсэн байх магадлалтай. Өндөр давтамжтай хүмүүс эргэн тойрноосоо маш олон төрлийн энергийг өөртөө шингээж авч байдаг учраас хоол болон орчны нөлөөллөөс үүсэх харшил, бамбай булчирхай, бөөрний өвчлөл, хоол боловсруулах эрхтний болон үе мөчний үрэвсэл, депресс, донтолт, зан төлөвийн хэт өөрчлөлт, гадаад төрх болон бэлгийн амьдралтай холбоотой хүнд асуудалтай байх талтай. Ихэнх өндөр давтамжтай хүмүүс ганцаараа буюу бусад хүмүүсийн энергийг мэдрэхгүй газар очиж тайвшрах, устай газар болон агаар салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх, хөгжим сонсох, бүжиглэх болон уран бүтээлээр өөрсдийгөө илэрхийлэх, хүлээж авсан энергиүдийг биеэсээ гаргаж, өөрийн энергийн системийг балансжуулахыг хүсдэг. 


Хүний амьдралын төрөл бүрийн асуудалд хутгалдаж, сурч хөгжиж, өөрчлөгдөж байгаа хэдий ч та хүн төрөлхтнийг дараагийн түвшинд аваачих ариун энерги, мөн чанарыг өөртөө агуулж байдаг. Өндөр давтамжтай хүмүүс 3 хэмжээст ертөнцөд хүний амьдралаар амьдрах нь төвөгтэй байдаг. Та үргэлжийн мөнхөд аз жаргалтай, сайхан мэдрэмж мэдрэх албагүй бөгөөд нөгөө талаас бусдаас өөрийгөө тусгаарлах хэрэггүй. Хүнд хэцүү бүхнийг туулах замаар бусдад үлгэр жишээ болж, итгэл найдвар төрүүлнэ. Хамгийн чухал нь өөрийнхөө энергийн давтамжийн түвшинд нийцэх амьдралаар амьдарч чадсанаар бусад хүмүүсийг эерэг, сайхан амьдралаар амьдрахад нь туслах боломжтой. Хэдийгээр хүмүүс тэр болгон талархаж, баярласнаа илэрхийлэхгүй хэдий ч ирээдүй хойч үе чинь бахархах болно. 

Эх сурвалж: In5D