2014/11/15

Авшиг авсны дараа юу болсон бэ?


Юуны өмнө авшиг гэдэг нь багшаас сахил хүртэх ёслол бөгөөд авшиг хүртсэнээр өмнөх бүх үйлийн үрээс салж нэг ёсондоо дахин төрж сүнслэг (spiritual) амьдрал рүү нэвтрэх боломж бүрддэг юм. Авшгийг Англиар INITIATION гэдэг бөгөөд ЭЛСҮҮЛЭХ гэсэн утгатай. Авшиг авч байгаа хүний талаас нь авч үзэхэд INITIATION гэдэг үг нь нэвтрэх буюу элсэн орох гэсэн утгыг давхар илэрхийлж байх жишээтэй. 
Авшиг хэрхэн өгдөг вэ гэвэл дээр дурдсаны дагуу spiritual master буюу багш тань сүнслэг холболтоор дамжуулан танд сэтгэлийн авшиг өгнө. Миний хувьд бясалгалын төв дээр очиж, авшигт бэлдэж байсан групптэй хамтаар авшгийг авсан. Авшгийн үеэр багш биеэр байхгүй тохиолдолд холбогч буюу тухайн үйл ажиллагааг удирдаж байгаа хүн тодорхой заавруудыг өгөх бөгөөд тодорхой хугацаанд бясалган, анхаарлаа төвлөрүүлэх замаар авшгийг хүртээдэг. 


Авшиг хүртэх үед гэрэл харах, дүрс үзэх, янз бүрийн чимээ сонсогдоно эсвэл зүгээр тайвшрах, сайхан мэдрэмж төрөх буюу юу ч мэдрэгдэхгүй байж ч болно. Гол үр дүн авшиг авсны дараа тодорхой хугацааны дараа илэрч гарч ирдэг. Миний хувьд илэрсэн шинж тэмдэг, сонирхолтой үр дүнгүүдээс та бүхэнтэй хуваалцья.

  1. Маш мэдрэмтгий болох - бүх төрлийн үнэр, амт, дуу чимээ, хурц гэрэлд мэдрэмтгий болно. Жишээ нь автобусанд явахад төрөл бүрийн үнэр маш хурц үнэртэж, эвгүйтэнэ. Орой гэрэл асаахад гэрэл хэт хурц санагдана. Дуу чимээгүй, тайван орчинд байхыг чухалчилдаг болно. Нөгөө чанга хөгжимтэй газар, хөл хөдөлгөөнтэй газруудаар явахад маш хурдан ядарч, дургүй хүрдэг болсон байлаа. 
  2. Энерги мэдрэх - жишээ нь таньдаг хүн 5-10 зайд ирэхэд хараагүй, сонсоогүй мөртлөө мэдрэнэ. Дал нуруунд хүн хүрч байгаа мэт мэдрэмж төрөөд эргэж харахад таньдаг хүн явж байх жишээтэй. Гудамжинд явахад хүмүүс хараад байвал урьд нь зүгээр байдаг бол авшиг авсны дараа маш их эвгүй мэдрэмж төрнө. Хүн лүү нүдээрээ эгцэлж харвал за бас их эвгүй болно шүү дээ. Аль болох духны гол руу нь харахыг хичээнэ. 
  3. Тогонд цохиулах - АТМ-ээс мөнгө авах, цахилгааны утас гүйсэн төмөр шонгуудад хүрэх, түлхүүр хийгээд төмөр хаалгаа онгойлгох гэх мэт цахилгаан гүйсэн төмрүүдэд хүрэх болгонд тог цохино. Магадгүй биеийн цахилгаан соронзон орон идэвхжсэнтэй холбоотой байж болох юм гэж өөртөө тайлбар өгсөн.
  4. Титэм чакра идэвхжих - титэм чакра буюу толгойны голд байдаг чакра идэвхжиж байгаа нь илт мэдрэгдсэн. Дээрээс ойр ойрхон тог тог тогшоод байгаам шиг байнга ирвэгнэнэ. Нүдээ анивал титэм чакраны өнгө болох чернилэн ягаан өнгө харагдана. 
  5. Зүрх нээгдэх - бясалгал хийх үед цээжнээс халуун оргиж эрүү нүүр лүү төөнөж эхэлнэ. Зүрхээр давхар хатгана. 
  6. Хайраар бялхах - бүх хүнийг хайрлаад, очоод тэврээд авмаар санагдана. Unconditional love гэдгийг нэг ёсондоо мэдрэнэ. Уур уцаар, үзэн ядалт буурна.
  7. Өвдөх - авшгийн дараа нэлээн хүнд өвдөж үйлийн үрээ гаргах нь түгээмэл байдаг гэж хүмүүс ярьдаг. Миний хувьд салхин цэцэг тусаж духан нэг дээрээ нэг сорвитой хоцорсон. 
  8. Аз жаргалтай болох - бясалгалаа сайн хийгээд, сахилаа сайн сахиад байвал угаасаа стресс буураад, аз жаргалтай болдог. 
Эдгээр мэдрэмжүүдийг урьд өмнө нь огт мэдэрддэггүй байсан бөгөөд авшигт бэлдэх болон авшиг авсны дараа мэдэрч эхэлсэн. Чакра идэвхжих, тогонд цохиулах, хайр мэдрэх зэрэгт зарим хүмүүс итгэхгүй байж болно. Угаасаа хүн бүрийн мэдрэмж, ахуй ойлголт, туршлага өөр өөр байдаг. Хүн бүр эдгээрийг мэдрэх албагүй, бас шал өөр зүйлсийг мэдэрч болно. Энд бичсэн бүхэн цэвэр хувийн / personal experience гэдгийг ойлгоорой. Тэгээд байнга тогонд цохиулах их аюултай санагдсан. Цахилгаан цахиж байхад шонгийн модны хажууд шүхэр бариад явж байсан бол яг юу болох байсан бол? Тогонд цохиулж үхэх магадлал 100% :)


Эцэст нь хэлэхэд авшиг авах бол маш гайхалтай үйл явдал мөн боловч дараа нь хүлээх үүрэг маш өндөр байдаг. Буддын шашны сахилыг насан туршдаа баримталж, өдөрт 2.5 - 4 цаг бясалгал хийж, үе үе 12-24 цагаар даяан буюу групп бясалгалд суух шаардлага гарна. Нэг ёсондоо та үлдсэн амьдралынхаа 10 - 20 хувийг бясалгалд зориулна гэсэн үг. Бясалгал бол зүгээр нэг дуугүй завилаад суух биш таны амьдралын хэв маяг болно. Та бясалгалын хүмүүстэйгээ найзалж, бясалгалын хувцас, хэрэглэл базааж, бясалгалаа байнга хийж байх болно. Дашрамд хэлэхэд би өөрөө ингэж чадахгүй байгаа. Үүнийхээ төлөө 1000 шалтаг тоочиж чадна. 


Авшиг, бясалгалын талаар сонсоход гайхалтай, болчихмоор ч юм шиг, үйлийн үрээ зайлуулж аваад аз жаргал, хайраар бялхаж амьдармаар, далд зөн билэг, чадвараа нээмээр санагдана. Гэвч бүх зүйл төлөөстэй. Төлж буй цаг хугацаа, хүчин зүтгэлийнхээ үр дүнг та өдөр тутмын амьдралдаа мэдрэх хэдий ч сүнслэг ертөнцийн өөрчлөлтийг шууд мэдрэх боломжгүй байдаг. Нүдэнд харагдаж, гарт баригдаж, чихэнд сонсогдохгүй, материаллаг болж биежихгүй зүйлд цаг хугацаа, амьдралаа зориулж байгаа тул итгэл алдрах үе гарна. Дээрээс нь зарим найз нөхдөөсөө сална. Гэр бүлдээ зарцуулах цаг багасна, гэр бүлийн дарамт шахалтын талаар яриад ч хэрэггүй биз. 


Тэгэхээр энэ бүх бэрхшээлийг давахад туслах 2 л зүйл байна. 1-рт бүрэн итгэл дүүрэн болсон цагтаа авшиг авах, 2-рт гаргасан шийдвэртээ үнэнч байх. Харамсалтай нь энэ 2 үйлдэл бол хувь хүний зан төлөвтэй шууд холбоотой байдаг. Шийдвэрээ яарч, бусдын нөлөөллөөр, бүрэн тооцолгүй гаргасан бол мэдээж гаргасан шийдвэртээ үнэнч байж чадахгүй. Нөгөө талаас хичнээн ч суурьтай шийдвэр гаргасан ч санаа бодлоо байнга өөрчилдөг бол шантрах амархан. Энэ бүх дүгнэлт бол зөвхөн миний хувийн ойлголт, туршлага дээр тулгуурласан мэдээлэл гэдгийг бас анхаараарай. Өөр хүмүүстэй уулзвал өөр зүйлс ярих байх.