2013/05/18

ЭРВЭЭХИЙ БОЛЖ ЗҮҮДЭЛСЭН НЬ



Даогийн алдарт багш Чунг Ци өөрийн найзтайгаа дараах яриаг өрнүүлсэн ажээ.

“Би нар гудайх үеэр салхилахаар гарсан юм. Модны дор, очих дуртай газраа очлоо.  Тэнд суугаад амьдралын тухай бодож байлаа. Гадаа маш дулаахан, сайхан байсан тул дорхноо тайвширч, дуг хийн, зүүдэндээ автчихав. Би зүүдэндээ тал дээгүүр нисч байлаа. Эргэж хартал далавчтай болсон байв. Гоёмсог, том далавч минь хурдтай дэвж байх юм. Би эрвээхий болон хувирчихжээ! Ийм дураараа сайхан болж, хүссэнээрээ хаа сайгүй хөнгөхөн нисэх нь үнэхээр эрх чөлөөтэй, баяр баясгалантай санагдаж байлаа. Энэ зүүдэн дэх бүх зүйл тэр чигээрээ бодит юм шиг л санагдана. Тун удалгүй өөрийгөө хүн гэдгийг мартаж орхив. Би зүгээр л эрвээхий бөгөөд өөр юу ч биш байсан юм.”


“Би нисч байна гэж зүүдэлсэн ч, хэзээ ч эрвээхий болж байгаагүй юм байна” гэж Чунг Цигийн найз дуу алдаад “Энэ зүүд үнэхээр гайхалтай зүүд байна” гэсэнд

“Тийм ээ, гэхдээ бусад бүх зүйлсийн адилаар энэ зүүд ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт дуусах жамтай. Аажмаар би зүүднээс сэрж, өөрийгөө Чунг Ци болохыг ухаарсан. Энэ л миний гайхширалыг төрүүлээд байна.”

“Юу нь тийм гайхширмаар байна гэж? Чи сайхан зүүд зүүдэлсэн байна, тэгээд л болоо.”

“Хэрэв би яг одоо зүүдэлж байгаа бол яах вэ? Миний чамтай өрнүүлж буй энэ яриа үнэхээр бодьтой мэт санагдаж буй ч миний зүүд бас л ийм бодьтой байсан. Би өөрийгөө эрвээхий болж зүүдэлсэн байна гэж бодсон. Хэрэв яг энэ мөчид би өөрийгөө Чунг Ци болгон зүүдэлж буй эрвээхий байсан бол яах вэ?”

“Тэгвэл би чамайг эрвээхий биш Чунг Ци мөн гэдгийг сануулж чадна.”

Чунг Ци инээмсэглээд “Чи миний зүүдний бусад зүйлсийн нэг адил бодьтой санагдах нэг л хэсэг байж болох юм. Иймээс чи Чунг Ци болон эрвээхийг хооронд нь ялгахад яасан ч тусалж чадахгүй. Иймээс найз минь энэ бол оршихуйн хувьслын үндсэн асуулт юм” гэсэн байдаг. 

Энэ түүх Даогийн суурь ойлголтуудын нэг болсоор ирсэн бөгөөд хамгийн алдартай зүүднүүдийн нэг билээ.