2012/12/05

Зүүд Удирдахуй буюу Сэрүүн Зүүд



Сэрүүн зүүдэнд та зүүдээ хүссэнээрээ удирдах боломжтой. Сэрүүн зүүдэнд ормогц хийхийг хүссэн зүйлсээ хийж, зарим нэг асуудлаа шийдвэрлэсэн ч болно. Зарим тамирчид сэрүүн зүүдэндээ теннис, гольфын цохилтоо бэлдэж дасгал хийдэг байна. Тэр ч бүү хэл сэрүүн зүүд ашиглан айдас, санаа зоволтоо ялан дийлж болдог. Сэрүүн зүүдээ яаж ашиглах вэ гэдэг таны уран төсөөллөөс л хамаарна. Учир нь унтаж байх үеийн тархины үйл ажиллагаа, сэрүүн байх үеийнхтэй адил байдаг тул сэрүүн зүүдэндээ сурсан, хийсэн зүйлс таны сэрүүн байхдаа хийсэн зүйлстэй ижил төстэй байна гэсэн үг. 
Насанд хүрсэн хүмүүсийн дор хаяж тал хувь нь амьдралдаа нэг удаа сэрүүн зүүдэлж үзсэн байдаг. Олон хүн оролдолгүйгээр сэрүүн зүүдэлж чаддаг байна. Сэрүүн зүүдний үед хүн нисэж зүүдлэх нь олонтаа. Дадлага хийсний үндсэн дээр та хүссэн үед сэрүүн зүүдэлж сурах боломжтой.

Сэрүүн зүүдээ сайжруулах алхмууд 
Хамгийн түрүүнд зүүдээ санаж байх шаардлагатай бөгөөд зүүдээ тэмдэглэж байхыг өөрийн зуршил болгох хэрэгтэй. Ингэх замаар та өөрийн зүүдний хэлбэр, сэтгэл хөдлөл, шинж чанарыг мэдэж авах болно. Яваандаа та өөрийгөө зүүдэлж байна гэдгээ мэддэг болно. 

Өдрийн туршид, сэрүүн байх үедээ ямар нэг өвөрмөц ч бай, энгийн зүйл ч тохиолдсон "энэ зүүд мөн үү" гэж өөрөөсөө асуу. "Мэдээжийн хэрэг би зүүдлээгүй байна" гэж өөртөө хариулахын оронд өөрийгөө сэрүүн байна уу, зүүдэлж байна уу гэдгээ сайн шалгах тогтвортой арга барилтай бол. Тухайлбал цаг хараад, дахин сайн шалга. Хэрэв та зүүдэлж байвал цаг маш хурдан өөрчлөгдөнө. Хэрэв ямар нэг зүйл уншиж байвал, өөр тийш хараад дахин уншиж эхэл. Хэрэв та зүүдэлж байвал эргээд харах хооронд уншиж байгаа зүйл чинь шал өөр болсон байна. Та энэ асуултыг өөрөөсөө өдрийн турш асуусаар байвал яваандаа энэ нь зуршил болно. Та зүүдэндээ энэ асуултыг автоматаар асуудаг болно. Хэрэв та зүүдэндээ энэ асуултыг асуугаад зүүд мөн гэдгийг мэддэг болбол сэрүүн зүүдэлж сурч байна гэсэн үг юм. 

Сэрүүн зүүдэнд орохын тулд тоо тоолох аргыг ашигла. Унтахаар хэвтэхдээ дараах байдлаар тоолж эхэл. Нэг, би зүүдэлж байна. Хоёр, би зүүдэлж байна. Гурав, би зүүдэлж байна. Явсаар байгаад та магадгүй "тавин нэг, би зүүдэлж байна" гэж хэлж байх бөгөөд энэ үедээ та үнэхээр зүүдэлж байх болно. 

Зүүдний дохионуудыг ажигла. Эдгээр нь таныг зүүдэлж буй гэдгийг мэдэгдүүлэх дүрс, биет, үйлдлүүд байх болно. Зүүдэлж буй хүнээс шалтгаалаад янз бүрийн зүүдний сигналууд байдаг. Зүүдний тэмдэглэлээ уншаад, зүүдэнд байнга илэрдэг дүрсүүдийг сонгож, тодорхойлох нь нэг талаар тустай. Дахин давтагдах дүрсүүд нь таны ирээдүйд зүүдлэх зүүдэнд илрэх магадлал өндөр. Унтахаар хэвтэх үедээ өөртөө хандан "алим хармагц би зүүдэлж буйгаа мэдэх болно" гэх буюу сонгосон зүүдний дохиогоо өөртөө хэл. 

Зүүдний тэмдгүүдийг ашиглан зүүдэлж буйгаа мэд. Таны зүүдэнд янз бүрийн, ер бусын зүйл тохиолдвол үүнийг өөрчлөхийг бүү оролд. Эдгээр зүйл нь таныг зүүдэлж буйг илтгэнэ. Түгээмэл тохиолддог тэмдгүүд бол нисэх, ханан дээгүүр явах, нас барсан хэн нэгэнтэй учрах зэрэг болно. 

Эцэст нь сэрүүн зүүдийг бүү хүчил. Магадгүй их хүчилбэл сөрөг дүнд хүрч болно. Та дээрх техникүүдийг хослуулан ашиглах боломжтой. Өөр өөртөө өнөө шөнө сэрүүн зүүдлэх болно гэж хэлж итгүүл. Тайвширч, тэвчээртэй байх нь чухал. 

Сэрүүн зүүдэлж сурмагц та өөрийн зүүдээ буулган "бичих" чадвартай болно. Таны үнэр, хүртэлтийн мэдрэмж сайжирна. Унтахаасаа өмнө та юу зүүдэлж, ямар газар очмоор байгаагаа өөр өөртөө хэлж өгөөрэй.