2012/05/06

Рейкигийн Бясалгал

Рейки гэдэг нь түгээмэл энерги буюу амьдралын эрч хүч гэсэн утгатай япон үг юм. Энэ бол хаана энергийн дутагдал байна, түүнийг нөхөж өгдөг арга. Энергийн дутагдал нь эрүүл мэнд, хувийн амьдрал, ажил үйлс гэсэн үндсэн гурван төрөлд илэрдэг бөгөөд манай суралцагч нар ихэвчлэн өөрийн бие махбодид энерги дамжуулж эрүүл мэнд болон амьдрал ахуйдаа үр дүнг гаргаж рейкийн ач тусыг үзэж байна.


Рейки-д сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж өвчнөө эдгээх зорилго бүхий хүмүүсийн дунд ам дамжин нэг нэгэндээ хэлж, нууцаар сургаж байсан Рейкийн тухай үзэл онол, арга туршлага нь өнөөдөр нэгэнтээ ил гарчээ. Түүнийг өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх, далд нууц тэмдэгтүүдийн хүчийг ашиглах зэрэг асуудлууд Рейкийн цэнэгжүүлэлтийг хүртсэн хүн болгоны чухал асуудал байдаг. Энэ ариун нандин тэмдэгтүүдийг зөв хэрэглэж, сурч эзэмших нь маш чухал мөн амьдрал ахуйд хэрэгтэй мэдлэг юм.

Рейки бол хүний дотоод амьдралын энерги, орчлон ертөнцийн дээд энергийн эрчим хүчний нэгдлийн тогтолцоо бөгөөд энэ хүч нь туйлын хүчирхэг, ямарч хоргүй, орчлон ертөнцийн бүхий л оршнолыг тэтгэж байдаг амьдралын эрч хүч юм. Энэ хүч бол үзэгдэж харагддаггүй, баригдаж тэмтрэгдэхгүй, ухамсраар үл зохицуулагдах зөвхөн мэдэрч л болох, мөн гарсан үр дүнгээр нь “харж” болох туйлын хүч мөн.

Энэтхэг, Япон, АНУ зэрэг хөгжингүй орнуудад Рейкийн I үе шатыг 150 доллар, Рейки II шатыг 600 доллар, Рейки III шатыг 10000 доллараар зааж сурган, мэдлэг чадвар дадал эзэмшүүлж байна. Гэхдээ Рейки III шатыг, Рейкийн сургалтын үнэ цэнийг төлөх боломжийг нь харах биш чадвар мэдлэг, ёс суртахууны төлөвшлийг нь харж шалгаж өгдөг учраас төдийлөн олон хүнд зааж сургадаггүйг манай суралцагсад ч гэсэн анхаарах нь зүйтэй.


Рейки I шат нь мастер багшаас “ван” хүртсэнийхээ дараа 21 хоногийн турш өдөр бүр өөртөө эрч хүч нөхөх сургалтанд хамрагддаг бөгөөд үүний дараа тухайн хүн өөрөө хүсвэл Рейки II шатны дамжаанд суралцаж, өөрийгөө сэтгэл санааны төвшинд хүртэл анагаах, мөн бусдад эрч хүч дамжуулах мэдлэг чадварыг олоход суралцана. Рейки III шат нь бусдад эрч хүч дамжуулах чадвараа улам сайжруулж, цаашид хүмүүст Рейки-г зааж сургана. Рейки III шат нь дотроо “А”, “Б” шаттай байдаг. “А” шат нь анагаах үйл ажиллагааг гүнзгийрүүлэн судалдаг бол, “Б” шат нь бусдыг зааж сургахад чиглэгдэнэ. Аль ч шат нь цаашид Мастер багш болох боломжтой ч ерөнхий үйл ажиллагааны чиглэлээрээ бага зэрэг ялгаатай.





РЕЙКИ 1-ИЙН ДАСГАЛ ХИЙХ ЗААВАР





Рейкийн дасгал бясалгал хийхэд багш нарын арга барил өөр өөр байдаг боловч үндсэн зарчим нь адил.


Багш нартаа талархал илэрхийлж хүсэлт тавина.


1. Дээд хүчнээс 2. Микао Усуи багшаас 3. Рейки заасан багшаасаа Рейкийн эрчим хүчээр миний бие сэтгэл оюунд энерги дамжуулахад тусална уу? гэж хүсэлт тавина.


2. Рейкигээ гаргана. Зулайнаас Рейкийн энерги хий хэлбэртэй гарч байна гэж төсөөлнө. Эхлээд сууж байгаа өрөөгөө, хотоо, монгол улсаа, бүх дэлхийг энергээр хүрээлээд өөрийгөө сансарт сууж байна гэж төсөөлж бодоно.


3.Таван зарчим бодно


Яг өнөөдөр би уурлахгүй


Яг өнөөдөр би санаа зовохгүй


Яг өнөөдөр би ахмадуудад болон багш нараа хүндэтгэнэ


Яг өнөөдөр би бүгдэд талархал илэрхийлнэ


Яг өнөөдөр би өөрийн хөдөлмөрөөр амьдарна.


4.Рейкийн 27 байрлал тус бүрт 3 минут


5.Рейкигээ хураана. Дэлхийн бөмбөрцгөөс, европ ази тивээс монгол орноос дараа нь хот доторхийг хураагаад сууж байгаа өрөөн доторхоо хурааж зулайн оройгоор ороод дууслаа гэж төсөөлж бодоно.


6.Багш нартаа талархал илэрхийлнэ.


Дээд хүчиндээ 2. Микао Усуи багшдаа 3. Рейки заасан багшдаа Рейкийн эрчим хүчээр миний бие сэтгэл оюунд энерги дамжуулахад тусалсанд баярлалаа.



Рейки 2-ын дасгал хийх заавар.


Рейки 2 шатны дасгал хийх олон хувилбар байх боловч энд нэг хувилбарыг орууллаа. 
Багш нартаа талархал илэрхийлж хүсэлт тавина. 


1. Дээд хүчнээс 2. Микао Усуи багшаас 3. Рейки заасан багшаасаа Рейкийн эрчим хүчээр миний бие сэтгэл оюунд энерги дамжуулахад тусална уу? гэж гуйна.


2.Рейкигээ гаргана. Зулайнаас Рейкийн энерги хий хэлбэртэй гарч байна гэж төсөөлнө. Эхлээд сууж байгаа өрөөгөө, хотоо, монгол улсаа, бүх дэлхийг энергээр хүрээлээд өөрийгөө сансарт сууж байна гэж төсөөлж бодоно.


3.Рейкийн эхний байрлалд гараа тавьж Сей-Хе-Ки-г гурван удаа зурж шингээнэ. Чо-ку-рей-г гурван удаа зурж шингээгээд хийсэн үйлдлээ гурав давтана. Энэ маягаар байрлал тус бүрд тэмдэгтийг шингээнэ.


4.Рейкигээ хураана. Дэлхийн бөмбөрцгөөс, европ ази тивээс монгол орноос дараа нь хот доторхийг хураагаад сууж байгаа өрөөн доторхоо хурааж зулайн оройгоор ороод дууслаа гэж төсөөлж бодоно.


5.Багш нартаа талархал илэрхийлнэ. 
Дээд хүчиндээ 2. Микао Усуи багшдаа 3. Рейки заасан багшдаа Рейкийн эрчим хүчээр миний бие сэтгэл оюунд энерги дамжуулахад тусалсанд баярлалаа гэж талархалаа илэрхийлнэ. 


Өөрийгөө зайнаас анагаах 21 хоногийн дасгал





Багшаас танд зааж хэлсэн, гарын бүх байрлалуудаар тэмдэгт ашиглан өөрийгөө анагаах 21 хоногийн дасгалаас гадна энэ дасгалыг мөн хийх хэрэгтэй.


Дасгалыг эхлэхдээ Рейки I-ийн дасгал эхэлдэг зарчмаар эхэлнэ.


Өөрийгөө толинд харж өмнөө байгаа мэтээр төсөөлнө.


Тэгээд тэмдэгтүүдийг зурна. Эхлээд Хон Ша Зе Шо Нен гурван удаа зурна, өмнө байгаа өөртөө илгээнэ.


Сей Хе Ки-г гурван удаа зурж өөртөө илгээнэ.


Чо Ку Рей-г гурван удаа зурж өөртөө илгээнэ. Энэ үйлдлийг эхнээс нь 3 удаа давтана. Дасгалыг дуусгахдаа мөн Рейки I-ийн дасгал дуусгадаг зарчимтай адил. Энэ дасгалыг өөрийгөө анагаах 21 хоногийн дасгалын урд юм уу хойно нь эсвэл хамтатган хийж болно.



Рейки 3-ын дасгал хийх заавар:


Өөрийгөө анагаах 2 дасгал байдгийн эхний дасгал нь түүнийг зүрхний орчим төсөөлөөд бусад тэмдэгтүүдийн хамт илгээнэ. Гараа зүрхний хүрдэн дээр байрлуулж 5-10 минут Рейкийн энергийг шилжүүлнэ.


Хоёрдахь дасгал нь тэмдэгтийг ашиглан биеэр гүйх “Ки”-ийн урсгалыг ихэсгэдэг Цигунь дасгал юм. Энэ дасгал Харагийн шугам дээрх Сэрээ булчирхайн хүрдийг идэвхижүүлж бие махбодийн эсэргүүцлийг сайжруулдаг. Энэ дасгалыг хоногт 2 удаа, нуруугаа эгцэлж босоо байдлаар хийнэ. Үүний тулд эхлээд зураг дээрх цэгийг олно. Тэр цэг дал ясны гүнд байрладаг. (зургийг хар) Рейкийн энергийг гар уруу өгсүүлэх буюу хоёр алгаа хооронд нь үрж бүлээн болгоно. Дараа нь нэг хурууны үзүүрээр нөгөө мөрөнд байгаа цэгэнд цагийн зүүний дагуу иллэг хийнэ. Цэгт 1 минут хиртэй иллэг хийгээд Даи Ко Мио тэмдэгтийг илгээгээд, иллэгээ 300 хүртэл удаа эргүүлнэ. Нөгөө талын мөрөндөө мөн адил цэгийг олоод бүхнийг эхнээс нь давтана. Энэ дасгалыг хоёр мөрөнд тус бүр 3 удаа хийгээд дараах байдлаар дуусгана. Баруун гараа сулхан атгаж өвчүүн дээрээ зөөлнөөр 20 удаа нүдэх бөгөөд энэ үед Даи Ко Миог мөн өөртөө илгээнэ. Дасгалыг өдөрт 2 удаа хийнэ.


Эр сурвалж: http://reiki.mn/